Юлия Навальная 2026 оны хоёрдугаар сарын 14-ний бямба гарагт Мюнхений Аюулгүй байдлын бага хурал (MSC)-д оролцох үеэрээ “Оросын колонид хоёр жилийн өмнө Алексей Навальный нас барсны дараахан энэ явдал аллага байсан нь тодорхой болсон, харин өнөөдөр энэ нь шинжлэх ухааны үндэслэлтэй батлагдсан баримт боллоо” хэмээн мэдэгджээ.
Навальная судалгааны дүнг тайлбарлав
Тэр “Би дахин нэг удаа давтаж хэлье. Владимир Путин миний нөхөр Алексей Навальныйг химийн зэвсэг ашиглан алсан. Владимир Путин бол алуурчин гэдэг нь шинэ зүйл биш. Гэхдээ одоо бидэнд үүний шууд нотолгоо байна. Нэгэн өдөр тэр заавал шүүхийн өмнө очиж, эдгээр он жилүүдэд хийсэн бүхнийхээ төлөө хариуцлага хүлээнэ гэж би үнэхээр их найдаж байна” хэмээн хэлжээ.
Юлия Навальная Европын таван улсын гадаад хэргийн сайд нарын хамтарсан мэдэгдлийг ийн тайлбарласан байна. Уг мэдэгдэлд Навальный “өндөр магадлалтайгаар эпибатидинээр хордож нас барсан” гэж дурджээ.
Эпибатидин нь маш хортой, өндөр хоруу чанартай химийн бодис бөгөөд Өмнөд Америкийн ой модон амьдардаг мэлхийн арьснаас ялгардаг, эсвэл лабораторид нийлэгжүүлэн гаргадаг аж.
Герман, Их Британи, Нидерланд, Франц, Шведийн лабораториуд улс төрчийн биологийн дээжээс уг хорт бодисын ул мөрийг бие даан, харилцан хамааралгүйгээр илрүүлжээ.
ОХУ-ын ГХЯ: Барууны анхаарал сарниулах мэдээллийн дайралт
ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова тэр өдөр Навальныйн шинжилгээний үр дүнгийн талаарх мэдэгдлүүдийг “мэдээллийн шуугиан” хэмээн нэрлэж, Барууны “тулгамдсан асуудлуудаас анхаарал сарниулах зорилготой” хэмээн тайлбарласан байна.
Эх сурвалж: DW













































































