Хос хэрэглээтэй технологи (dual-use technology) гэдэг нь анх иргэний буюу энхийн зориулалтаар ашиглагдахаар бүтээгдсэн боловч цэргийн болон батлан хамгаалах зорилгоор мөн ашиглагдах боломжтой бараа, үйлчилгээ, программ хангамж, техник технологийг хэлдэг.
Эдгээр нь хоёр талын (dual-use) нөлөө үзүүлэх чадвартай тул тэдгээрийн экспорт, шилжилт хөдөлгөөн, хэрэглээнд тусгай хяналт, зохицуулалт шаардлагатай болдог.
Европын Холбооны 2021 оны тогтоолд хос хэрэглээтэй зүйлсийг “иргэний болон цэргийн зорилгоор ашиглагдах боломжтой бараа, программ хангамж, технологи” хэмээн тодорхойлсон байдаг.
Харин Европын Аюулгүй байдал, Хамтын ажиллагааны Байгууллага “хос хэрэглээтэй бараа гэдэгт программ хангамж болон технологийг багтаасан, иргэний болон цэргийн аль аль зориулалтаар ашиглагдах боломжтой зүйлс хамаарна.
Эдгээр барааны худалдаа нь үй олноор хөнөөх зэвсэг болон уламжлалт зэвсэг дэлгэрүүлэхээс урьдчилан сэргийлэх хяналтад хамрагддаг” хэмээн тодорхойлжээ.
Эдгээр тодорхойлолт нь хос хэрэглээтэй технологийн олон талт шинж чанарыг онцолж, тэдгээрийн зохистой хэрэглээ, хяналт, экспортын зохицуулалт нь үндэсний болон олон улсын аюулгүй байдлын салшгүй хэсэг болохыг харуулж байна.
Харин хос хэрэглээтэй зүйлсийн судалгаа (DURC) гэдэг нь анхнаасаа нийгмийн сайн сайхны төлөө зориулагдан хийгдсэн боловч буруугаар ашиглагдах тохиолдолд аюултай, хор хөнөөлтэй үр дагаварт хүргэх өндөр эрсдэл бүхий судалгааг хэлнэ.
Энэ ойлголт нь шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашиглах явцад ашиг тус ба эрсдэлийн тэнцвэрийг хангах ёс зүйн хяналт, бодлогын зохицуулалт зайлшгүй шаардлагатайг онцолдог.
Хос хэрэглээтэй зүйлсийн судалгаа нь олон улсын түвшинд удаан хугацаанд анхаарал татсан асуудал бөгөөд ялангуяа биотехнологи, химийн бодис, халдварт өвчин судлал зэрэг эмзэг салбаруудад онцгой ач холбогдолтой байсаар ирсэн.
Сүүлийн жилүүдэд хиймэл оюун, машин сургалт, квант тооцоолол, зүйлсийн интернэт (IoT), 5G зэрэг дэвшилтэт технологийн салбаруудад хос хэрэглээтэй зүйлсийн судалгааны асуудал улам бүр хурцадмал болж, зохицуулалт, хариуцлагын тогтолцоог шинэ түвшинд авч үзэх шаардлагатай болж байна.
АНУ-ын Үндэсний Судалгааны Зөвлөл (National Research Council) хос хэрэглээтэй зүйлсийн судалгааг “Одоогийн мэдлэгийн түвшинд үндэслэн, бусад этгээдүүдийн зүгээс хор хөнөөлтэй зорилгоор буруугаар ашиглагдаж болзошгүй мэдлэг, бүтээгдэхүүн, эсвэл технологийг бий болгох магадлалтай судалгааг хос хэрэглээтэй зүйлсийн судалгаа гэх бөгөөд энэ нь олон нийтийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, ургамал, амьтан, эсвэл үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй байдгаараа онцлог юм” хэмээн тодорхойлсон байдаг.
Энэхүү тодорхойлолт нь хос хэрэглээтэй зүйлсийн судалгааны цар хүрээ, нийгэмд үзүүлэх сөрөг үр дагаврын боломжийг тодорхойлж, судалгааны үйл явцад ёс зүйн хяналт, эрсдэлийн үнэлгээ, олон улсын хамтын зохицуулалт шаардлагатайг онцолж байна.
Хүснэгт 1. Хос хэрэглээтэй технологиудын онцлог ба эрсдэлийн харьцуулалт
| Төрөл | Онцлог | Эрсдэл |
| Цөмийн технологи | Хатуу хяналттай; Олон улсын гэрээний зохицуулалттай, Өндөр өртөгтэй; Хязгаарлагдмал хүрээтэй; | Хэрэв буруугаар ашиглавал маш их хор хөнөөлтэй (цэргийн болон ослын эрсдэл), хатуу хяналттай ч улс төрийн зөрчилд ашиглагдах магадлалтай |
| Биотехнологи | Лабораторийн түвшинд туршилт хийх боломжтой; Харьцангуй хялбар нэвтрэх боломжтой; | Санамсаргүй алдаа, аюулгүй байдлын зөрчил, терроризмын зорилгоор ашиглах хүний эрүүл мэнд, байгаль орчинд шууд нөлөөлөх эрсдэлтэй |
| Мэдээлэл, харилцаа холбооны технологи | Хурдан хөгждөг; Өргөн хүрээтэй; Нээлттэй; Хямд өртөгтэй; Хувь хүн ч ашиглаж чадна; | Кибер халдлага, хувийн мэдээлэл алдагдах, хуурамч мэдээлэл тараах, AI-г буруугаар ашиглах (deepfake, автомат халдлага), нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх эрсдэлтэй |
Хос хэрэглээтэй зүйлсийн судалгааны тухай ойлголт нь тухайн технологийн шинж чанар, хүртээмж, хяналтын түвшнээс хамааран өөр өөр байдлаар илэрдэг. Иймд эрсдэлийг зөвхөн технологийн төрөл бус, түүнийг ашиглах орчин, хяналтын тогтолцоо, ёс зүй, соёлын ялгаа зэргээс хамааруулан үнэлэх шаардлагатай байдаг.
Мэдээлэл, харилцаа холбооны технологи (ICT) нь ерөнхий зориулалттай бөгөөд иргэний болон цэргийн аль алинд нь ашиглагддаг хос хэрэглээтэй технологи юм. Иргэний хэрэглээнд харилцаа холбоо, боловсрол, эрүүл мэнд, үйлдвэрлэл зэрэг нийгмийн бүхий л салбарт өргөнөөр ашиглагддаг бол цэргийн хэрэглээнд тагнуулын систем, автономит зэвсэг, кибер довтолгоо зэрэгт ашиглагддаг.
Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарт хурдацтай хөгжиж буй хиймэл оюун (AI), зүйлсийн интернэт (IoT), 5G зэрэг дэвшилтэт технологиуд нь зах зээлд хямд өртөгтэйгөөр, өргөн хүрээнд нэвтэрч байгаа нь тэдгээрийг зөвхөн томоохон албан байгууллага төдийгүй хувь хүн, жижиг бүлэглэлүүд ч ашиглах боломжийг бүрдүүлж байна. Энэ нь технологийн хяналт, зохицуулалтыг хийхэд томоохон сорилт үүсгэж, аюулгүй байдлын эрсдэлийг нэмэгдүүлсээр байна.
Хүснэгт 2. Хос хэрэглээтэй мэдээлэл, харилцаа холбооны технологиудын онцлог ба эрсдэлийн харьцуулалт
| Төрөл | Онцлог | Эрсдэл |
| Хиймэл оюун (AI) | Машин сургалт, автомат шийдвэр гаргалт Хуурамч контент үүсгэх Өөрөө суралцах, дасан зохицох чадв артай | ХО ашиглан илүү нарийн, илрүүлэхэд хэцүү кибер халдлагуудыг автоматжуулан зохион байгуулах боломжтойгоос гадна хуурамч дүрс, дуу, текст үүсгэх чадвар нь олон нийтийн сэтгэл зүй, улс төрийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, нийгмийн хагарал үүсгэх эрсдэлтэй. Түүнчлэн автономит зэвсэг, дрон, тагнуулын системд AI ашиглах нь хүний амь нас, олон улсын харилцаанд ноцтой үр дагавар авчирч болзошгүй. |
| Зүйлсийн интернэт (IoT) | Төхөөрөмжүүдийн хоорондын холболт Алсын удирдлага, өгөгдөл дамжуулалт | Мэдээлэл цуглуулж, алсаас удирддаг зүйлсийн интернэт төхөөрөмжүүд нь байршил, хөдөлгөөний мэдээлэл, дуу, дүрс бичлэг цуглуулах боломжтой тул тагнуулын зорилгоор ашиглагдах эрсдэлтэй. Түүнчлэн эдгээр төхөөрөмжийн эмзэг байдлыг ашиглан дэд бүтцийн систем рүү халдах боломжтой. |
| 5G сүлжээ | Өндөр хурдтай, бага сааталтай холболтОлон төхөөрөмжийг нэгэн зэрэг холбох чадвартай | Өндөр хурдтай, өргөн цар хүрээтэй холболт нь тагнуулын систем, хяналтын дэд бүтэц болгон ашиглагдах боломжтой. Үүний нөлөөгөөр мэдээлэл дамжуулалт, хяналт, өгөгдөл цуглуулалт илүү нарийн түвшинд явагдаж болзошгүй. |
Дүгнэлт
Технологийн хурдацтай хөгжил нь үндэсний аюулгүй байдлын ойлголтыг гүнзгий өөрчилж, уламжлалт аюулгүй байдлын хүрээнээс давсан шинэ сорилтуудыг бий болгож байна.
Хиймэл оюун, зүйлсийн интернэт, 5G зэрэг хос хэрэглээтэй технологи нь улс орны эдийн засаг, батлан хамгаалах чадавх, нийгмийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх томоохон боломж олгож байгаа ч зохицуулалт, хяналт хангалтгүй нөхцөл байдалд кибер халдлага, мэдээллийн манипуляц, хувийн мэдээллийн зөрчил, геополитикийн маргааныг гүнзгийрүүлэх өндөр эрсдэл дагуулж байна.
АНУ, БНХАУ, ОХУ, Европын Холбоо зэрэг гол тоглогчдын баримталж буй бодлого, стратеги нь технологийн хөгжлийг зөвхөн инновацын эх үүсвэр гэж үзэхээс гадна үндэсний аюулгүй байдлын гол тулгуур, геополитикийн өрсөлдөөний хэрэгсэл болгон ашиглаж буйг харуулна.
Энэ нь жижиг, дунд орнуудын хувьд технологийн хамаарлыг зөв удирдах, стратегийн чадавхыг бэхжүүлэх, олон улсын зохицуулалт, хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох шаардлагыг улам хурцаар тавьж байна.
Эх сурвалж: NISS











































































