Түргэн хоолны томоохон сүлжээ “McDonald’s” бүтээгдэхүүний үнийг хямдруулах бодлого нь амжилт авчирч буй талаар мэдэгджээ.
Компанийн мэдээлснээр, жилийн өмнөөс ажиллаж буй салбаруудын дэлхий даяарх борлуулалт (same-store sales) 10-12 дугаар сарын хугацаанд 5.7 хувиар өссөн нь шинжээчдийн 3.9 хувийн таамгаас өндөр үзүүлэлт болжээ.
Чикагод төвтэй McDonald’s-ийн дөрөвдүгээр улирлын орлого, ашиг ч мөн шинжээчдийн таамгаас давсан байна.
АНУ-д зарим комбо хоолны үнийг есдүгээр сард буулгасан нь “Extra Value Meal” хямдралын сурталчилгаа болон 2025 оны эхээр эхэлсэн McValue цэсийн хямдралтай давхардсан аж. Мөн долдугаар сард эргэн ирсэн $2.99-ын алдарт “Snack Wrap” хэрэглэгчдэд үнийн хувьд боломжийн сэтгэгдэл төрүүлжээ.
Жилд 45,000 ам.доллараас доош орлоготой гэр бүлийн үйлчлүүлэгчид хэдэн жилийн турш McDonald’s-ийг зорин ирэх нь багассаны дараа ийнхүү үнээ бууруулах арга хэмжээ авсан байна.
Өнгөрсөн зун хөрөнгө оруулагчдад мэдээлэх үеэр гүйцэтгэх захирал Крис Кемпчински хэрэглэгчид McDonald’s-ийг хангалттай үнэ цэнтэй гэж үзэхээ больсон талаар анхааруулжээ.
Дөрөвдүгээр улиралд АНУ-д тус компани “Monopoly” тоглоомыг 10 дугаар сард, “Grinch”-ийн сэдэвт хоолыг 12 дугаар сард санал болгосноор үйлчлүүлэгчдийн эргэн хандах сэдлийг нэмэгдүүлжээ. АНУ-ын салбаруудын борлуулалт 10-12 дугаар сард 6.8 хувиар өссөн байна.
Олон улсын зах зээлд ч төстэй стратеги ашиглажээ. Жишээ нь, Австралид долдугаар сараас эхлэн үнийн баталгаатай хямдралтай бүтээгдэхүүнээ санал болгосноор дэлгүүрүүдийн орлого өссөн байна.
McDonald’s-ийн орлого дөрөвдүгээр улиралд 10 хувиар өсч 7.01 тэрбум ам.долларт хүрсэн нь Wall Street-ийн 6.84 тэрбум ам.долларын таамгаас өндөр үзүүлэлт болжээ.
Цэвэр ашиг нь 7 хувиар өсч 2.16 тэрбум ам.доллар болсон байна. Нэг удаагийн зардал, дахин зохион байгуулалтын төлбөрийг оруулан өөрчилсөн ашиг нэг хувьцаанд 3.12 ам.доллар болж, шинжээчдийн 3.05 ам.долларын таамгаас давжээ.
Өнгөрсөн жил бусад түргэн хоолны сүлжээнүүд ч үнийн хямдралын бодлого руу анхаарсан байна. Жишээ нь, Taco Bell 2025 оны нэгдүгээр сард цэсээ өөрчилж, үнээ хямдруулсанаар 10-12 дугаар сард салбаруудын борлуулалт 7 хувиар өссөн гэж мэдэгджээ.
Эх сурвалж: JAPAN TODAY













































































