Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба (NIS) Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны охин Ким Жү Э-г залгамжлагчаараа зарлах шатанд орсон гэж үзэж байна хэмээн Рёнхап агентлаг Өмнөд Солонгосын парламентын гишүүдийн мэдээллээс иш татан уламжлав.
Парламентын тагнуулын хорооны гишүүд Пак Сон Вон (Нэгдсэн Ардчилсан нам) болон Ли Сон Гвон (Иргэний хүч нам) шуурхай уулзалт хийх үеэр NIS-ээс ирүүлсэн тайлангийн талаар ярилцжээ.
Тэдний мэдээлснээр, Ким Жү Э сүүлийн үед цэргийн өдөрлөг, Кымсусангийн Нарны ордны айлчлал зэрэг арга хэмжээнд идэвхтэй оролцож буй аж.
Ли Сон Гвон “Зарим улс төрийн шийдвэрийн хэлэлцээнд оролцох шинж тэмдэг ажиглагдаж байгаа нь түүнээс удирдлагын залгамжлагчаар тодрох шат руу орсныг харуулж байна” гэж тайлбарлав.
NIS мөн Ким Жү Э хоёрдугаар сард болохоор хүлээгдэж буй Хөдөлмөрийн намын IX их хурлын үйл ажиллагаанд оролцох эсэхийг анхааралтай ажиглахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн байна.
Ли Сон Гвон хэлэхдээ, хуралдааны үеэр парламентын гишүүд Ким Жү Э-ийн статусын талаар асуулт тавьсан бөгөөд NIS-ийн тайланд өмнөх тайлангуудаас ялгаатай, илүү тодорхой хэллэг ашигласан байна.
Тэр “Өмнө нь NIS ‘залгамжлагчийг бэлтгэж байгаа’ гэж мэдэгддэг байсан бол өнөөдөр ‘залгамжлагчаар тодруулах шатанд орсон’ гэж тодорхойлсон” хэмээн нэмж хэлэв.
Мөн агентлагийн мэдээлснээр, Ким Жү Э өнгөрсөн жилийн эхээр Ким Жон Ун болон түүний гэргий Ри Соль Жу-тэй хамт Кымсусангийн Нарны ордонд айлчилжээ.
Энэ нь түүний анхны олон нийтийн ажлын оролцоо байсан ба өмнөх удирдагчдын булшны ёслолд оролцсон нь улс төрийн залгамжлалын дохио болж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: RIA NOVOSTI













































































