Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2026.02.12/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, гуравдугаар сарын дунд үеэс томуу болон томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэх эрсдэлтэй байгааг анхаарууллаа.
Ялангуяа вакцинд хамрагдалт хангалтгүй байгаа нь халдварын тархалтад гол нөлөө үзүүлж буй талаар дурдав.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийн мэдээлснээр, улаанбурханы өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан Засгийн газрын нөөц хөрөнгөөс 5.5 тэрбум төгрөг гарган, шаардлагатай арга хэмжээг авч, өвчлөлийг бууруулсан байна.
Гэсэн хэдий ч вакцинд хамрагдаагүй хүүхдүүд нийт өвчлөгсдийн 70 хувийг эзэлж байгааг албаныхан онцолж, эцэг, эхчүүдийг хүүхдээ товлолын дагуу дархлаажуулж, иргэдийг амны хаалт зүүх, гараа тогтмол угаах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг чанд сахихыг уриаллаа.
Эрүүл мэндийн сайд Монгол Улс эрүүл мэндийн салбарт “гал гарахаас” сэргийлдэг тогтолцоотой болсныг онцлов.
Тэрбээр “Засгийн газрын 2026 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв (CDC) байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь Монгол Улсад өвчнөөс урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бүрэн нэвтрүүлэх түүхэн алхам” гэж онцоллоо.
Шинэ тогтолцооны хүрээнд халдварт болон халдварт бус өвчний дэгдэлт, тархалтыг урьдчилан таамаглах, төлөвлөх, бэлдэх боломж бүрдэх бөгөөд эрүүл мэндийн салбар өвчлөл гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд шилжиж байгаа аж.
Нэмж хэлэхэд, иргэд E-Mongolia системээр дамжуулан Эрүүл мэндийн даатгалаас авсан тусламж, үйлчилгээний мэдээллийг үзэх боломжтой болсон.
Өөрийн болон хүүхдийн мэдээллээр нэвтэрч, “Эрүүл мэндийн даатгал” цэсийг сонгосноор даатгалаар үнэ төлбөргүй авсан тусламжийн дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой юм.













































































