АНУ-ын Конгресс Канадын эсрэг Дональд Трампын тогтоосон тарифын бодлогын хууль ёсны байдлыг хэлэлцэхээр бэлтгэж буй энэ үед Ерөнхийлөгч Трамп АНУ-ын хоёр дахь том худалдааны түнш болох Канадтай холбоотой томоохон дэд бүтцийн төслийг зогсооно гэж сүрдүүлжээ.
Тэрбээр хоёрдугаар сарын 9-ний даваа гарагт ширүүхэн мэдэгдэл хийхдээ Канадын талаар шүүмжлэл өрнүүлж, Канад-Хятадын хооронд хэлэлцэж буй худалдааны гэрээ хэрэгжвэл “мөсний хоккейг бүрэн устгаж”, Стэнлийн цомыг “үгүй хийнэ” гэх мэт мэдэгдэл хүртэл хийсэн байна.
АНУ Канадын импортод 35 хүртэл хувийн тариф ногдуулсны дараа Канадын Ерөнхий сайд Марк Карни Вашингтоноос илүү Европ болон Бээжин рүү бодлогоо чиглүүлжээ.
Трамп үүнд бухимдаж, хэрэв Канад Хятадтай худалдааны гэрээ байгуулбал АНУ “үлдэгдлийг нь л хүртэнэ” хэмээн гомдолложээ.
Канад-Мичиганыг холбох 4.7 тэрбум долларын гүүрийн нээлтийг хойшлуулж, нөхөн төлбөр шаардав
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канадтай холбоотой том дэд бүтцийн төслийн нээлтийг зогсоохоор сүрдүүлжээ.
Төслийн хүрээнд Мичиган мужийг Канадын Онтарио мужтай холбох 4.7 тэрбум ам.долларын Gordie Howe International Bridge баригдаж дуусах шатандаа орсон бөгөөд уг гүүрийг ашигласнаар жолооч нар илүү таатай зорчих аж.
Трамп яагаад энэ олон улсын гүүрийн нээлтийг хаахыг хүсч байгаа талаараа дэлгэрэнгүй тайлбарлаагүй ч Канадын засгийн газар уг гүүрийг АНУ-ын ган болон бусад “Америкийн бүтээгдэхүүн” ашиглалгүйгээр барьсан гэж шүүмжилжээ.
Энэ төслийг бүрэн Канад санхүүжүүлсэн боловч тэрбээр өмнөх Ерөнхийлөгч Барак Обамаг буруутгасан байна.
Тус барилгын ажил түүний анхны үүрэгт хугацаанд эхэлж, 2018 онд тухайн үеийн Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогийн хамтаар баталгаажуулжээ.
Трампын мэдэгдлийн дагуу, олон нийтийн өмчийн энэ гүүр нь хувийн Ambassador Bridge-ээс гадна нэмэлтээр баригдаж байгаа ч “Америкийг ашиглах” гэж бодож байна гэжээ.
Тэрбээр “АНУ-аас өгсөн бүх зүйлд бүрэн нөхөн төлбөр автал энэ гүүрийг нээлтэд оруулахгүй” гэж хэлсэн байна.
Мичиганы демократ сенатор Элисса Слоткин Guardian-д өгсөн ярилцлагадаа, “Энэ төслийг цуцлах нь ноцтой үр дагавартай” гэж онцолжээ.
Тэрбээр үүнд Мичиган дахь бизнесийн зардал өсөх, хангамжийн сүлжээ аюулгүй бус болох, ажлын байр цөөрөх тус тус багтана гэж тэмдэглэсэн байна.
Мөн Элисса Слоткин “Трампын байр суурь мичиганчуудыг өөрийн эхлүүлсэн худалдааны дайны төлөө шийтгэж байгаа хэрэг” гэжээ.
Трамп Truth Social-д бичсэн мэдэгдэлдээ “Канад АНУ-ыг олон жилийн турш шударга бус хандсан. Гэхдээ одоо бүх зүйл өөрчлөгдөж байна.
Канад Онтарио болон Мичиган хооронд асар том гүүр барьж байна. Уг гүүрийн хоёр тал Канадын өмч бөгөөд бараг ямар ч Америкийн бүтээгдэхүүн ашиглаагүй.
Обама энэ төслийг “Buy American Act”-ыг тойрч гарах зөвшөөрөл олгосон. Канадын засгийн газар намайг Ерөнхийлөгчөөрөө уг гүүрээр “Америкийг ашиглах” боломж олгох ёстой гэж бодож байна.
АНУ юу авах вэ? Ямар ч ашиггүй! Онтарио муж АНУ-ын согтууруулах ундаа болон бусад бүтээгдэхүүнийг худалдахыг хориглосон. Дээр нь Ерөнхий сайд Карни Хятадтай хэлцэл хийхийг хүсэж байна. Бид үлдэгдлийг нь л авна!” гэжээ.
Тэрбээр мөн Канадын тариф, Хятадтай байгуулж буй худалдааны гэрээний эрсдэлийг шүүмжилж, “АНУ бүх нөхөн төлбөрөө авахгүйгээр энэ гүүр нээлтэд орохгүй” гэж мэдэгдсэн байна.
Трамп мөн хэлэлцээг аль болох хурдан эхлүүлэхээ амалсан ба АНУ-ын зах зээлээс олсон орлого маш өндөр байх болно гэж онцолжээ.
Эх сурвалж: UNILAD













































































