Украины эрчим хүчний дэд бүтцийг онилсон ОХУ-ын ээлжит томоохон довтолгооны улмаас Украины атомын цахилгаан станцуудын цахилгаан хангамжид хүндрэл үүссэн талаар хоёрдугаар сарын 7-нд “Укрэнерго” үндэсний эрчим хүчний оператор болон Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.
ОХУ-ын мэдэлд байгаа Запорожийн АЦС-ыг эс тооцвол бусад бүх станц ачааллаа дийлэхгүйд хүрсэн байна.
Шөнийн цохилтын улмаас Украины эрчим хүчний системд чадлын ноцтой хомсдол үүсэж, улс даяар ээлжлэн цахилгаан хязгаарлах арга хэмжээ нэмэгджээ. Мөн Польшоос яаралтай эрчим хүчний тусламж хүссэн байна.
Ерөнхийлөгч Зеленский оройн мэдэгдэлдээ “Өнгөрсөн шөнө Оросын тал атомын станцуудын ажиллагаанд нөлөөлдөг дэд бүтцийн объектуудыг хүртэл онилсон. Энэ нь зөвхөн Украинд бус бүс нутаг, Европт бүхэлд нь аюул учруулж байна” гэж онцолжээ.
Түүний хэлснээр, цахилгаан хангамж дутагдсанаас нэг АЦС-ын реакторын блок автоматаар зогссон ч аль станц болох талаар тодруулаагүй байна.
Мөн Зеленский “Оросын тал зөвхөн довтолгоо, дайнд бус, үр дүнд хүрэх ёстой хэлэлцээний ач холбогдлыг ч ойлгох хэрэгтэй” гэж мэдэгджээ.
ОУАЭА анхааралтай байхыг уриалав
Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн ерөнхий захирал Рафаэль Гросси Украины АЦС-уудын цахилгаан үйлдвэрлэл буурсныг баталсан байна.
Агентлагийн мэдэгдэлд “Сэргэсэн цэргийн ажиллагааны улмаас цахилгааны дэд станцууд өртөж, зарим дамжуулах шугам тасарснаас ийм нөхцөл байдалд хүрсэн” гэжээ.
Гросси нөхцөл байдал хурцдаж, цөмийн аюулгүй байдалд эрсдэл учирч болзошгүйг анхааруулан “талуудыг тэвчээртэй байх”-ыг уриалсан ч хэнд хандан хэлсэн тодорхойгүй байгаа аж.
Өмнө нь ОУАЭА Украинд үүсээд буй нөхцөл байдлыг “Дэлхийн хамгийн том цөмийн эрсдэлийн голомт” гэж тодорхойлж байжээ.
Литва Олон улсын эрүүгийн шүүхэд ханджээ
Литвийн Гадаад харилцааны яам нэгдүгээр сарын 30-нд ОХУ Украин дахь эрчим хүчний болон иргэний дэд бүтцийг өвлийн улиралд онилж буй довтолгоонуудыг шалгуулахаар Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-д хандсан талаар мэдээлсэн.
Шүүх хүсэлтийг хүлээн авч, мөрдөн шалгах багт шилжүүлсэн байна.
Литвийн сайд Кястутис Будрис Оросын өндөр албан тушаалтнуудад баривчлах захирамж гаргаж, геноцидын хэрэгт буруутган шалгахыг уриалжээ.
Тэрбээр “Украины иргэдийг өвлийн хүйтэнд цахилгаан, дулаан, усгүй үлдээх зорилготой системтэй довтолгоонууд нь украинчуудыг бүлэг болгон устгах санаархал” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: DW













































































