Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш 2-р сарын 7-ны бямба гарагт Чехийн TN телевизийн “Без пяти минут двенадцать” нэвтрүүлэгт оролцохдоо “Европын удирдагчид Украин дахь дайныг дуусгах нөхцөлийн талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хамтран хэлэлцээ хийх ёстой” гэж мэдэгджээ.
Тэрбээр ийм хэлэлцээнд оролцож болох Европын удирдагчдаар Германы канцлер Фридрих Мерц, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони нарыг нэрлэсэн байна.
Бабиш “Одоо Европын удирдагчид Европ өөрөө Путинтэй хэлэлцээ хийх ёстой гэж ярьж эхэлж байна. Харин өмнө нь Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Зеленский болон Путинтэй уулзахад бүгд шүүмжилж байсан” хэмээн онцолжээ.
Мөн түүний үзэж байгаагаар Москва, Киевийн хооронд энхийн гэрээ байгуулах хэлэлцээний явцад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шийдвэрлэх үүрэгтэй байх нь. Тэрбээр “Трампгүйгээр Европ дангаараа асуудлыг шийдэж чадахгүй” гэж хэлжээ.
Чехийн батлан хамгаалахын зардлын тухайд
Бабиш НАТО-гийн гишүүн орнууд батлан хамгаалахын зардлаа ДНБ-ий 5 хувь хүртэл нэмэгдүүлэх тухай АНУ-ын шаардлагад эсэргүүцэл илэрхийлсэн байна.
Тэр TN телевизийн сайтад өгсөн ярилцлагадаа “Трамп хэн нэгэн рүү хашгирлаа гээд бид чимээгүй байж ‘Тийм ээ, бид нэмнэ’ гэж хэлж болохгүй. Би НАТО-гийн хуралд оролцвол үүнийг тайлбарлахад асуудалгүй” гэж дурджээ.
Түүнчлэн тэрбээр батлан хамгаалахын зардалд аудит хийх, цэргийн алба хаагчдын, ялангуяа нисгэгчдийн цалинг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа хэлсэн байна. Мөн армийн тоог нэмэгдүүлэх, зэвсэглэл, техник хэрэгслийг сайжруулах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Эх сурвалж: DW













































































