Хэрэв Вашингтон Тайваньд их хэмжээний зэвсэг худалдах шийдвэрээсээ татгалзахгүй бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Бээжинд хийхээр төлөвлөж буй айлчлалыг цуцалж болзошгүй гэж Бээжин анхааруулжээ.
Энэ талаар хоёрдугаар сарын 6-ны баасан гарагт Financial Times сонин эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилсан байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин хоёрдугаар сарын 4-нд Цагаан ордны тэргүүнтэй утсаар ярих үеэрээ Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудлыг хөндсөн бөгөөд Вашингтоныг “болгоомжтой хандах”-ыг уриалсан гэж Хятадын Гадаад хэргийн яам мэдээлжээ.
АНУ-ын хоёр албан тушаалтан Бээжиний айлчлалыг үнэхээр цуцлахгүй, зүгээр л дарамт шахалт үзүүлж байна гэж үзэж байгаа аж. Трампын төрийн айлчлал ирэх дөрөвдүгээр сард товлогджээ.
АНУ Тайваньд зориулан томоохон зэвсгийн багц бэлтгэж байгаа бөгөөд Бээжин тус арлыг өөрийн босогч муж гэж үздэг. Financial Times-ийн мэдээлснээр, дээрх багцад Patriot агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем, NASAMS зенитийн цогцолбор болон нэр нь тодорхойгүй өөр хоёр төрлийн зэвсэг багтах аж. Зарим эх сурвалж уг багцын нийт үнийг ойролцоогоор 20 тэрбум ам.доллар (16.9 тэрбум евро) гэж үнэлжээ.
Тайваньд зэвсэг нийлүүлсний хариуд Хятад АНУ-д хориг арга хэмжээ авчээ
АНУ-ын засаг захиргаа 2025 оны арванхоёрдугаар сард Тайваньд 11.1 тэрбум ам.долларын (9.4 тэрбум евро) зэвсгийн багц худалдахыг зөвшөөрсөн. Энэ нь Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойших Тайбэйд нийлүүлсэн хоёр дахь багц юм.
Хятад улс үүний хариуд АНУ-ын 10 иргэн, батлан хамгаалахын салбарын 20 компанид хориг арга хэмжээ авчээ. Мөн 2025 оны сүүлээр БНХАУ Тайванийн эргийн ойролцоо арлыг бүслэх нөхцөл байдлыг дуурайлган томоохон цэргийн сургуулилалт хийсэн байна.
Сүүлийн жилүүдэд Хятад улс ийм төрлийн сургуулилалт тогтмол явуулж буй юм.
Эх сурвалж: DW













































































