Италид 25 дахь удаагийн өвлийн Олимпын наадам албан ёсоор эхэллээ. Нээлтийн үндсэн ёслол хоёрдугаар сарын 6-ны баасан гарагт Милан хотын 80 мянган хүний суудалтай “Сан-Сиро” хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд болсон байна.
Үүнтэй зэрэгцэн Олимпод оролцогч орнуудын жагсаал зэрэг ёслолын арга хэмжээнүүдийг өвлийн Олимпыг хамтран зохион байгуулж буй өөр гурван хот – Кортина-д’Ампеццо, Предаццо, Ливиньо хотуудад давхар зохион байгуулжээ.
Эдгээр хотууд хоорондоо хэдэн зуун километрийн зайтай, мөн зарим тэмцээн нээлтийн ёслолоос өмнө эхэлсэн тул бүх тамирчин Миланд ирж амжаагүй аж. Гэсэн ч бүх хот дахь жагсаалуудыг нэгтгэсэн шууд телевизийн дамжуулалт хийсэн байна.
Нээлтийн ёслолын хөгжмийн хэсэгт Вивальди, Россини зэрэг сонгодог хөгжмөөс эхлээд орчин үеийн уран бүтээл хүртэл багтжээ.
Тоглолтод дуучин Мэрайя Кэри болон Италийн рэппер Гали оролцсон байна. Италийн дуурийн урлагт онцгой анхаарал хандуулж, оргил хэсэгт тенор Андреа Бочелли Пуччинийн “Турандот” дуурийн “Nessun dorma” ариг дуулжээ.
Ёслолын хүрээнд Италийн төрийн далбааны өнгөөр сэдэвлэсэн загварын үзүүлбэр болж, Armani брэндийн цуглуулгыг танилцуулсан байна. Үүгээр есдүгээр сард 91 насандаа таалал төгссөн Италийн алдарт дизайнер Жоржио Арманид хүндэтгэл үзүүлжээ.
Armani загварын ордон нь өвлийн Олимп-2026-д Италийн шигшээ багийн албан ёсны хувцас нийлүүлэгч юм.
Ёслолын төгсгөлд Олимпын галыг Милан хотын Энх тайвны нуман хаалга болон Кортина-д’Ампеццо хотын Пьяцца Дибона талбайд нэгэн зэрэг асаасан нь Олимпын түүхэнд анх удаа тохиож буй үйл явдал болжээ.
Бамбар баригчдын дунд Канадын “Жаркое соперничество” цувралын одод байсан аж.
Хаалтын ёслол 2000 гаруй жилийн түүхтэй Верона хотын амфитеатрт болох бөгөөд 12 мянган үзэгч оролцох юм байна. Энэ нь Дэлхийн өвийн ЮНЕСКО-гийн жагсаалтад багтсан байгууламж дээр Олимпын наадмыг анх удаа хаах тохиолдол болох ажээ.
Орос, Беларусийн тамирчид нейтрал статустай оролцож байна
Италид болж буй Олимп нь Оросын тамирчид төрийн далбаа, сүлд дуулалгүй оролцож буй дараалсан тав дахь наадам болж байна. 2018-2022 онд ийм хязгаарлалт нь Сочи-2014 допингийн дуулиантай холбоотой байсан бол дараа нь Украинд хийсэн довтолгоотой холбогджээ.
Милан ба Кортина-д’Ампеццогийн өвлийн Олимпод Оросоос нийт 13 тамирчин нейтрал статустай оролцох эрх авчээ. Үүнд
уран гулгагч Аделия Петросян, Петр Гуменник; шорт-трекийн тамирчин Алена Крылова, Иван Посашков; цанын тамирчин Дарья Непряева, Савелий Коростелев; тэшүүрийн тамирчин Ксения Коржова,
Анастасия Семенова; ски-альпинист Никита Филиппов; чарганы тамирчин Дарья Олесик, Павел Репилов; мөн уулын цанын тамирчин Семен Ефимов, Юлия Плешкова нар багтжээ.
Беларусиас долоон эмэгтэй тамирчин нейтрал статустай оролцох бөгөөд энэ нь Украин дахь дайнд ОХУ-ыг дэмжсэнтэй холбоотой хязгаарлалт юм.
Фристайлын тамирчин Анна Гуськова, Анна Деруго, Анастасия Андрианова; уулын цанын тамирчин Мария Шканова; тэшүүрчин Марина Зуева; цанын тамирчин Анна Королева;
уран гулгагч Виктория Сафонова нар оролцоно. Энэ нь Беларусийн өвлийн Олимпод оролцсон түүхэн дэх хамгийн цөөн бүрэлдэхүүн болж байна.
Пап ламын олимпын эвлэрлийн уриалгад ОХУ хариу өгсөнгүй
Өвлийн Олимп-2026-ын нээлтийн өмнөхөн пап лам Лев XIV дайнд оролцож буй улс орнуудад олимпын эвлэрлийг дахин уриалжээ. Энэ нь эртний үеэс уламжлагдсан бичигдээгүй заншил юм.
Тэр “Амьдрал элбэг дэлбэг” (“Life in Abundance”) хэмээх илгээлтдээ “Энх тайвныг хүсэж буй дэлхийд эрх мэдлээ урвуулан ашиглах, хүч харуулах, хууль дээдлэх зарчмыг үл тоомсорлох явдлыг зогсоох хэрэгсэл бидэнд хэрэгтэй” хэмээн онцолсон байна.
Сүүлийн жилүүдэд Олимпын наадмын өмнө католик сүмийн тэргүүнүүд олимпын эвлэрлийг сануулсаар ирсэн бөгөөд энэ үед ОХУ Украинд хийж буй бүрэн хэмжээний дайнаа үргэлжлүүлсээр байгаа юм.
ОХУ 2022 оны Бээжингийн өвлийн Олимпын дараахан довтолгоогоо эхлүүлсэн бөгөөд 2024 оны Парисын Олимпын үеэр ч довтолгоогоо зогсоогоогүй. Италид болж буй өвлийн Олимп-2026-ын үеэр ч Украинд хийж буй цохилтууд үргэлжилсээр байна.
Эх сурвалж: DW













































































