Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар тус улсад 2026 оны хоёрдугаар сарын 9-нөөс 12-нд албан ёсны айлчлал хийнэ.
Энэ удаагийн айлчлалын зорилго нь Монгол Улс, ОХУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршиж буй аж.
Улмаар улс төр, эдийн засаг, бизнес, худалдааны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэжээ.
Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин, Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нартай тус тус албан ёсны уулзалт хийж, хөрш орнуудын уламжлалт харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд санал солилцох юм байна.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комиссын хоёрдугаар хуралдааныг Москва хотноо зохион байгуулах ажээ.
Улсын Их Хурлын дарга Н.Учрал мөн Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай албан ёсны уулзалт хийх юм байна.
Энэ үеэр Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар санал солилцохоос гадна Монгол Улс-Евразийн эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцох ажээ.













































































