АНУ-ын эрх баригчид америк иргэддээ Ираны нутаг дэвсгэрийг яаралтай орхихыг уриаллаа.
Тегеран дахь АНУ-ын виртуал элчин сайдын яамнаас “Ираныг нэн даруй орхи. АНУ-ын засгийн газрын тусламжид найдалгүйгээр гарах төлөвлөгөө боловсруул.
Нислэгүүд урьдчилан анхааруулгагүйгээр цуцлагдах, тасалдах магадлалтай” гэж хоёрдугаар сарын 6-ны баасан гарагт мэдэгдсэн байна.
Дипломат төлөөлөгчийн газар америк иргэдэд засгийн газрын тусламжид найдалгүйгээр өөрсдөө гарах төлөвлөгөө гаргах, Армени эсвэл Туркээр дамжин хуурай газраар гарахыг зөвлөжээ. Мөн интернэт тасалдах эрсдэлтэйг анхааруулсан байна.
Иранд үлдэх хүмүүст өгсөн зөвлөмж
Элчин сайдын яам “Хэрэв та улс орноос гарч чадахгүй бол гэртээ, эсвэл өөр аюулгүй байранд хоргод. Хоол хүнс, ус, эм тариа болон шаардлагатай зүйлсийг нөөцөл. Жагсаал цуглаанаас зайлсхийж, олны анхаарал татахгүй байж, орчноо анхааралтай ажигла” гэж уриалжээ.
Мөн орон нутгийн мэдээллийн хэрэгслийг дагаж, төлөвлөгөөгөө шаардлагатай үед өөрчлөхөд бэлэн байх, утсаа цэнэгтэй байлгах, гэр бүл найз нөхөдтэйгөө холбоотой байхыг зөвлөсөн байна.
Мэдэгдэлд АНУ Ирантай дипломат харилцаагүй бөгөөд америк иргэд байцаалт, баривчилгаа, саатуулах эрсдэлтэй тулгарч болзошгүйг онцолжээ.
Дипломатчид АНУ-тай холбоотойгоо харуулах нь ч Ираны эрх баригчдад саатуулах шалтгаан болж магадгүйг сануулсан байна.
Тегеран дахь АНУ-ын виртуал Элчин сайдын яам 2026 оны 1-р сарын 13 болон 2025 оны 6-р сарын 15-нд ижил төстэй анхааруулгыг мөн нийтэлж байжээ.
Оманд болох Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээ
АНУ болон Иран хоёрдугаар сарын 6-нд Оманд Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох, баллистик пуужингийн хөгжүүлэлтийг хязгаарлах талаар хэлэлцээ хийхээр төлөвлөсөн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь Иранд дарамтаа нэмэгдүүлж, засгийн газрын эсрэг жагсаалыг хүчээр дарсантай холбоотойгоор цэргийн арга хэмжээ авах боломжтойг удаа дараа сануулж байсан.
Нэгдүгээр сараас хойш бүс нутаг дахь АНУ-ын цэргийн оролцоо ихээхэн нэмэгдэж, Abraham Lincoln нисэх онгоц тээгч болон дагалдах хөлгүүд ирсэн байна.
Трамп нэгдүгээр сарын сүүлчээр Ираны чиглэлд нэмэлт цэргийн хөлгүүд хөдөлж буйг мэдэгдсэн.
Гэхдээ тэрбээр “хэлэлцээр байгуулагдана” гэсэн найдлага бийг илэрхийлж, хэлэлцээний үр дүнгээс шалтгаалан Тегерантай хэрхэн харьцахаа шийднэ гэж хэлжээ.
Эх сурвалж: DW













































































