2026 оны Өвлийн Олимпын наадмын нээлтийн ёслол өнөөдөр Италийн Милан хотын алдарт Сан-Сиро цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр эхлэх гэж байна.
Дэлхийн шилдэг тамирчид нэгэн дор цуглах энэ мөчийг спорт сонирхогчдоос гадна загварын ертөнцийнхөн онцгой анхааралтай ажиглаж буй. Учир нь, нээлтийн ёслолд өмсөх баг тамирчдын хувцас загвар, өнгө төрх, утга бэлгэдлээрээ хэдийнээ олны сонирхлыг татаж эхэлжээ.
Нээлт, хаалтын ёслолын хувцас нь тамирчдыг өвлийн жавраас хамгаалах практик үүргээс гадна улс үндэстний онцлог, соёлын өнгө төрхийг илэрхийлж, дэлхийн тайзан дээрх “зөөлөн хүч”-ний бэлгэдэл болдог.
Тэр дундаа дэлхийн загварын томоохон нийслэлүүдийн нэг Милан хотод зохион байгуулагдаж буйгаараа энэ удаагийн Олимп загварын өнгө төрхөөрөө илүү онцгой болж байна. Энд “Giorgio Armani”, “Dolce & Gabbana”, “Versace”, “Prada” зэрэг Италийн алдарт загварын орднууд төвлөрдөг нь ч үүнийг батална.
Өвлийн Олимпын хамгийн хүсэн хүлээдэг гоёл нь тамирчдын энгэрт гялалзах алт, мөнгө, хүрэл медаль хэдий ч энэ жилийн багуудын ёслолын хувцас ч мөн адил олны харааг булаахуйц нарийн деталь, бүтээлч шийдлээр дүүрэн байна.
Энэ удаагийн Олимпын нээлтийн ёслолд хамгийн их анхаарал татаж буй, загварлаг шийдэлтэй хувцаснуудыг танилцуулъя.
Хамгийн их хүлээлттэй: “Гоёл Кашмер”-ын урласан Монголын багийн хувцас

Энэ жилийн хамгийн их хүлээлт үүсгэсэн хувцас бол Монголын багийнх байв. 2024 оны Парисын Олимпын наадмын ёслолын хувцас олны олны анхаарлыг татаж, загвар сонирхогчдын дунд өндөр үнэлгээ авч байсан юм. Энэхүү загварыг Michel&Amazonka брэндийг үүсгэн байгуулагч эгч дүү дизайнерууд урлаж байв.
2026 оны баг тамирчдын хувцаст мөн Монголын уламжлалт дээл болон бусад уламжлалт хувцасны хэв маягуудыг шингээж өгчээ. Ингэхдээ “Гоёл Кашмер” компанийн загвар зохион бүтээгчид XIII-XV зууны Монголын эзэнт гүрний үеийн хувцаснаас санаа авч, бүхий л хэсэгт нь бэлгэдлийн утга агуулж урлажээ. Тухайлбал, Монголын нүүдэлчин ард түмэн “Төв Азийн өндөрлөг газрын мөнхийн өвөл”-ийг даван туулахад түшиг болж ирсэн ноолуурыг оруулсан байна.
Монгол Улсыг Мөнх хөх тэнгэрийн орон гэдэг тул тамирчид нь гоёмсог торгоор эмжин, уламжлалт эвэр угалз хээг хатган, ёслол хүндэтгэлийн хэв маяг шингээсэн цэнхэр өнгийн ноолууран дээл, хөх уужаар эх орноо төлөөлөх нь зүй ёсны хэрэг юм. Энэхүү загвар нь хөдөлгөөнд саадгүй хормойн оноо, салхи хүйтнээс хамгаалах мөөрөлжин зах, элэг тэвэрсэн битүү энгэр зэрэг уламжлалт шийдлийг хадгалжээ. Мөн монгол гэрийн соёлыг харуулсан хээтэй сүлжмэл цамцнуудыг урлажээ.
Хамгийн тохиромжтой: Ralph Lauren ба Nike ACG-ын урласан АНУ-ын багийн хувцас
Энэ жил Ralph Lauren брэнд Олимпын наадамд оролцох АНУ-ын тамирчдын хувцсыг 10 дахь удаагаа урлаж байна. Тус брэнд нь Америкийн уламжлалт хэв маягт дэгжин, сонгодог загварыг шингээжээ. Америкийн энэ классик загварууд нь шүүмжлэгчдэд хамгийн их таалагдсан байна.
Нээлтийн ёслолд тамирчид АНУ-ын далбаа бүхий сүлжмэл хоолойтой цамцан дээр модон товчтой цагаан ноосон пальто өмсөж алхана. Харин хаалтын ёслолын хувцсыг хуучны цанын уралдааны хэв маягийг шингээж, өнгө алагласан өдөн хүрмийг цагаан чөлөөт загварын өмдтэй хослуулжээ. Хамгийн гайхалтай инновац нь товчлуур дарахад уг хүрэм нь Nike-ийн хэдэн арван жил ашиглаж байгаа Air технологиор дүүрч, дулаан болж өгдөг байна.
Хамгийн шуугиан тарьсан: Lululemon-ы урласан Канадын багийн хувцас

Канадын багийн хувцсыг гурав дахь удаагаа урлан бүтээж буй Lululemon брэнд нь уламжлалт дан улаан өнгийн өдөн хүрэмнээс эрс өөр загвар луу шилжиж, илүү бараан, зохиомжийн шинжтэй загварыг сонгосноороо нийгмийн сүлжээнд ихээхэн шуугиан тарьжээ.
Тус брэнд уламжлалт хэв маягаас татгалзан туршилт маягийн дизайн сонгон гүн улаан, мөсөн цэнхэр, мөсөн ногоон өнгө, усан хээг хослуулжээ. Зарим хүмүүс энэхүү коллекцыг шинэлэг, зохицтой, бүх хүний хэрэгцээнд нийцсэн загвар гэж магтсан бол заримынх нь сэтгэлд нийцсэнгүй. Reddit дээр нэгэн хэрэглэгч уран гулгагч Пол Пуарьегийн агч модны том навчны хээтэй хүрэмтэй зургийн доор “Дэлхий дээрх хамгийн ууртай тогооны бариул өмсчихсөн юм шиг харагдаж байна” гэж бичжээ.
Хамгийн анхаарал татам: Ben Sherman ба Adidas-ын урласан Их Британийн багийн хувцас

Нэхмэлчин тамирчин гэдгээрээ алдартай, Олимпын таван удаагийн медальт Том Дэйли Их Британийн шигшээ багийн хувцсыг үйлдвэрлэгч Ben Sherman компанитай хамтран нээлт, хаалтын ёслолын туг баригчдын малгай, ороолтыг урлажээ.
2026 оны Милан-Кортинагийн наадамд Ben Sherman тамирчдын ёслолын хувцас үйлдвэрлэгчээр дөрөв дэх удаагаа дараалан оролцож байгаа бөгөөд тус брэнд нь уламжлалдаа түшиглэн Нэгдсэн Вант Улсын төрийн далбааны хээтэй, босоо зах, тартан хээ бүхий дотортой ноосон цамц урласан байна. Цэнгэлдэх хүрэлээнгийн аль ч хэсгээс уншигдахаар “Их Британи” гэсэн бичигтэй ороолт нь онцгой анхаарал татжээ.
Харин тамирчид Adidas-ийн өмсгөл хувцастай олимпын тэмцээн уралдаанд өрсөлдөж, медаль гардуулах тавцан дээр гарна. Энэ жил тус компанийн хувцсыг 12 улсын баг тамирчид өмсөнө.
Эх сурвалж: CBC













































































