Польшийн Ерөнхий сайд Дональд Туск, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар хоёрдугаар сарын 5-нд Киев хотноо уулзах үеэрээ зэвсэг, сум хэрэгслийг хамтран үйлдвэрлэх тухай санаачилгын тунхагт гарын үсэг зуржээ.
Тускийн хэлснээр, энэ нь зүгээр нэг төлөвлөгөө бус, бодит хамтын ажиллагаанд шилжих алхам аж. Хоёр улс олон сарын турш хамтарсан батлан хамгаалах үйлдвэрлэлийг Польш болон Украинд хөгжүүлэхээр ажилласан бөгөөд технологи солилцоонд саад болж байсан бэрхшээлүүдийг арилгахыг зорьжээ.
Зеленский хамтын үйлдвэрлэлд дрон болон бусад төрлийн зэвсэг багтахыг онцолсон байна. Түүний хэлснээр, Оросын бүрэн хэмжээний дайралтыг олон жил эсэргүүцэж буй Украин орчин үеийн дайнд ямар зэвсэг бодит үр дүнтэйг хамгийн сайн мэдэх туршлагатай улс аж.
Польш МиГ-29 сөнөөгч онгоц өгөхөд бэлэн
Дональд Туск Польш улс Украинд МиГ-29 сөнөөгч онгоц шилжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэж, үүний оронд дроны технологи хамтран хөгжүүлэх сонирхолтой байгаагаа хэлжээ. Тэрбээр Украинд агаарын довтолгооноос хамгаалах төрөл бүрийн хэрэгсэл, ялангуяа тодорхой төрлийн пуужин шаардлагатай байгааг онцолсон аж.
Мөн Польш улс Украины дроны технологийг ашиглан өөрийн агаарын хамгаалалтыг бэхжүүлэх зорилготойгоо илэрхийлсэн байна. Онгоцноос өөр техник нийлүүлэх боломжийн талаар Туск эх орондоо буцсаны дараа Батлан хамгаалахын сайдтай зөвлөлдөж шийдвэр гаргана гэж мэдэгджээ.
Польшоос Украинд үзүүлэх дараагийн цэргийн тусламж
Польш улс Украинд үзүүлэх цэргийн тусламжаа үргэлжлүүлэх бөгөөд удахгүй илгээх 48 дахь тусламжийн багцын өртөг ойролцоогоор 47 сая евро байхаар төлөвлөжээ. Үүнд голчлон хуягт техник багтах аж.
Өмнө нь, өнгөрсөн арванхоёрдугаар сард Польшийн Зэвсэгт хүчний жанжин штаб Украинд МиГ-29 онгоц шилжүүлэх боломжийг дроны болон пуужингийн технологийн хамтын ажиллагаатай уялдуулан хэлэлцэж буй талаар мэдээлж байсан. Эцсийн шийдвэр гараагүй бөгөөд энэ нь НАТО-гийн зүүн жигүүрийн аюулгүй байдлыг хангах бодлоготой холбоотой гэж тайлбарлажээ.
Эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа
Хоёр орны удирдагчид мөн эрчим хүчний хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн байна. Үүнд Польш, Украины эрчим хүчний сүлжээг хөгжүүлэх, шингэрүүлсэн хийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх асуудал багтжээ.
Зеленский Польш улсад, ялангуяа генератор зэрэг эрчим хүчний тоног төхөөрөмж нийлүүлж буйд талархал илэрхийлсэн байна.
Эх сурвалж: DW













































































