АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп олон улсын тавцанд шийдвэр гаргахад өөрийг нь хамгийн их хязгаарладаг хүчин зүйл нь өөрийнх нь ёс суртахуун гэдгийг дахин баталлаа.
Тэрбээр энэ талаар нэгдүгээр сарын 13-нд CBS телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
Трамп CBS телевизэд ярилцлага өгөхдөө “Би ёс суртахууны тухай ярьж байна. Би өндөр ёс суртахуунтай хүн. Би үхэл харах дургүй, манай хүмүүсийн зовж шаналахыг харах дургүй. Мөн нөгөө талын хүмүүсийн зовлонг харахыг ч хүсдэггүй” хэмээн хэлжээ.
Цагаан ордны тэргүүн “Бид Венесуэлд оролцох үед өөрсдөө хохирол амсаагүй ч нөгөө талд олон хүн амь үрэгдсэн. Энэ надад таалагддаггүй. Тиймээс тийм ээ, шийдвэр гаргалт ёс суртахуунаар хязгаарлагддаг. Харин миний ёс суртахуун маш өндөр, үүгээр л хязгаарлагдаж байна” гэж онцолсон байна.
АНУ-ын Үндсэн хууль болон шүүх байгууллагууд ерөнхий командлагчийн хувьд эрх мэдлийг нь хязгаарладаг эсэх талаар тодруулахад Трамп “Энэ бол ойлгомжтой зүйл” гэж хариулжээ.
Тэрбээр үүнээс өмнө The New York Times сонинд өгсөн ярилцлагадаа өөрийн эрх мэдэл зөвхөн “өөрийн ёс суртахуунаар” л хязгаарлагддаг хэмээн мэдэгдэж, цэргийн хүч хэрэглэхэд олон улсын эрх зүй болон бусад хяналт, тэнцвэрийн механизмын ач холбогдлыг үгүйсгэсэн аж.
Эх сурвалж: TASS













































































