Засгийн газар Ерөнхий сайдын 2026 оны нэрэмжит шагналыг Ардын жүжигчин Э.Амартүвшинд олгохоор шийдвэрлэв. Шагналд олгох 200 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм байна.
Э.Амартүвшин 2009-2016 онд Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт дуучнаар ажиллаж, одоо Бүгд Найрамдах Итали Улсад уран бүтээлээ туурвиж буй.
Тэрбээр дэлхийн сонгодог урлагийн дээжис болох “Кармен”, “Травиата”, “Риголетто”, “Евгений Онегин”, “Тоска”, “Айда”, “Троваторе” зэрэг дуурийн гол болон туслах дүрд тоглодог.
Мөн дуурийн урлагийн гайхамшгийг Итали, Франц, Герман, Австри, Испани, Орос, Япон, Сингапур, Англи, Бельги, Америк, Унгар, Болгар, Хятад зэрэг дэлхийн олон орны томоохон театрын тайзнаас үзэгч олонд дуурсган толилуулж буй дэлхийн шилдэг баритон юм.
Засгийн газрын 2022 оны 260 дугаар тогтоолоор “Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад онцгой амжилт гаргасан иргэн, баг, хамтлагт Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгох журам”-ыг баталсан билээ.













































































