Оросын цэргүүд 2026 он гарснаас хойш Украины эрчим хүчний системд нийт 217 удаа халдлага үйлдсэн байна. Украины Ерөнхий сайд Юлия Свириденко энэ талаар хоёрдугаар сарын 4-ний лхагва гарагт эрчим хүчний онцгой байдлын хуралдааны дараа мэдэгджээ.
Ерөнхийлөгч Владимир Зеленский хэлэхдээ хамгийн хүнд нөхцөл байдал Киев болон Харьков хот, тэдгээрийн мужууд, мөн Сумы, Полтава мужуудад үргэлжилж байна гэжээ.
Тэр “Украины төвийн бусад бүсүүдэд ч нөхцөл байдал хүнд байна. Ялангуяа Днепропетровск, Черкас мужуудад” хэмээн нэмж хэлсэн байна.
Киев хотод 1100 гаруй орон сууцны байр халаалтгүй байна
Украины удирдагч Оросын цохилтын дараа Киев хотын хэд хэдэн дүүрэгт 1100 орчим орон сууцны барилга дулаангүй хэвээр байгааг мэдээлжээ.
Тэр “Ийм байр бүрийн хувьд халаалтыг хэзээ сэргээх тодорхой мэдээлэлтэй байх ёстой. Мөн иргэдийг дулаацуулах, дэмжлэг үзүүлэх боломжийг баталгаажуулах хэрэгтэй” гэж онцолсон байна.
Одоогоор Киев хотод яаралтай засварын 200 гаруй баг ажиллаж байгаа бөгөөд Эрчим хүчний яамнаас ажилчид маш их ядарсан тул тэднийг ээлжлэн амраах зорилгоор багийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Зеленский мөн Ерөнхий сайдад улс даяар иргэдэд нэмэлт дэмжлэг үзүүлэхэд шаардлагатай тодорхой тооцооллыг яаралтай гаргах үүрэг өгсөн байна.
Свириденко: 9000 бизнес эрхлэгч “эрчим хүчний дэмжлэг”-т хамрагдах хүсэлт гаргасан
Засгийн газраас эрчим хүчний хямралын улмаас хэрэгжүүлж буй яаралтай арга хэмжээний хүрээнд 9000 гаруй хувиараа бизнес эрхлэгч цахилгаан тасалдлын үед бие даан ажиллах боломж бүрдүүлэх зорилгоор 15 мянган гривен хүртэлх нэг удаагийн төрийн дэмжлэгт хамрагдах хүсэлт өгсөн байна.
Мөн банкууд “5-7-9 Хөнгөлөлттэй зээл” хөтөлбөрийн хүрээнд генератор худалдан авах хүүгүй зээлийн 270 гаруй хүсэлт хүлээн авчээ.
Эх сурвалж: DW













































































