Монголын эдийн засгийн сэтгүүлчдийн клубын “Өглөөний уулзалт”-ын зочноор өнөөдөр (2026.02.04) “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн төлөөллүүд оролцож, “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийгэм, эдийн засгийн нөлөөллийн талаар мэдээллээ.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 14, 18-р хороо, Сүхбаатар дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт нийт 158 га талбайд Сэлбэ дэд төв орчмын гэр хорооллыг орон сууцжуулж, орчин үеийн иж бүрэн цогцолбор хороолол байгуулах томоохон төслийг хэрэгжүүлж байна.
Өнөөдийн байдлаар төслийн гүйцэтгэл 21.1 хувьтай байгаа ажээ.

Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан мега төслүүдийн нэг бөгөөд нийслэлийн хойд бүсийн хүн амын суурьшил, дэд бүтэц, хот байгуулалтын орчныг цогцоор нь шинэчилж, иргэдийн амьдралын чанарыг бодитоор дээшлүүлэхэд чиглэж буй.
Төслийн хүрээнд нийт 113 блок бүхий 8575 айлын орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний бүс, ерөнхий боловсролын 3 сургууль, 5 цэцэрлэг, эрүүл мэндийн төв байгуулж, Сэлбэ голын дагуу 1.5 км урттай байгалийн тэнцвэрийг хадгалсан амралт, чөлөөт цагийн ногоон бүс бүтээн байгуулахаар төлөвлөсөн.
Нийт талбайн 37 хувийг ногоон байгууламжид зориулахын зэрэгцээ явган болон дугуйн замын хүртээмжийг нэмэгдүүлж, оршин суугчдын эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих орчныг бүрдүүлэх аж.

“Сэлбэ 20 минутын хот” төсөл хэрэгжсэнээр иргэдийн өдөр тутмын хэрэгцээг ойр орчноосоо хангах боломж бүрдэж, цаг хугацаа, зардал хэмнэгдэхийн зэрэгцээ амьдралын чанар мэдэгдэхүйц сайжрах ач холбогдолтой гэж нийслэлийн албаныхан мэдээлсээр ирсэн.
Байгаль орчинд ээлтэй, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн хотжилтын шинэ загварыг бий болгож, тогтвортой хөгжлийг дэмжих нь ээ.
Төслийн барилга байгууламжууд 2027 онд ашиглалтад орсноор Сэлбэ хотод 45-50 мянган байнгын оршин суугч амьдрах бөгөөд зуслангийн чиглэлийн дамжин өнгөрөх хөдөлгөөн, хөрш оршин суугчид, оффис, үйлчилгээний газрын хэрэглэгчдийг хамруулсан өдөр тутмын нийт урсгал дунджаар 250 мянгад хүрэх тооцоо гарсан байна.

Мөн энэхүү төсөл нь 2027 онд Монгол Улсын шинэ орон сууцны нийлүүлэлтийг 50 хувиар нэмэгдүүлж, нийслэлийн нийт эрэлтийн 34 хувийг хангах боломж бүрдүүлснээр Улаанбаатар хотыг нэг төвт бүтцээс олон төвт хот болгон хөгжүүлэх чухал алхам болно. Ингэснээр эдийн засгийн урсгал тэлж, бизнес эрхлэгчдэд шинэ зах зээл, шинэ орон зай нээгдэх юм.
“Сэлбэ 20 минутын хот” төсөл гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэсэгчилсэн шийдлээр бус, цогц төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлж буй анхны томоохон төсөл гэдгээрээ онцлог. Хотын төвийн ойролцоо орчин үеийн шинэ хотын загвар бий болгож, Улаанбаатар хотын хөгжлийн дараагийн үе шатны суурийг тавьж буй талаар “Сэлбэ хорин минутын хот корпорац”-ийнхан онцлов.
Түүнчлэн олон нийтийн бүсэд хувийн хэвшилтэй хамтран үйлдвэрлэл, үйлчилгээний барилга байгууламж барих боломж бүрдүүлж, хотын эдийн засгийн идэвхийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой төсөл болохыг хэллээ.


















































































