Бүгд Найрамдах Беларусь Улсад өчигдөр ОХУ-ын дуунаас хурдан “Орешник” тив алгасагч баллистик пуужин олон нийтэд анзаарагдалгүйгээр байлдааны жижүүрт гарчээ.
“Орешник” цогцолбор 7000 км зайд хүрэх тусгалтай бөгөөд шинэ байрлалаасаа Европ тивийг бүхэлд нь хамрах боломжтой. Тэр дундаа Их Британийн Клайд дахь НАТО-гийн тэнгисийн цэргийн бааз зэрэг алслагдсан объектуудыг ч төвөггүй хүрэх чадалтай аж.
Хэрвээ шаардлагатай бол АНУ-ын Гренланд дахь Thule AFB агаарын цэргийн бааз руу хүртэл хүрэх боломжтой юм байна.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр, оросууд пуужингийн бодит чадварыг санаатайгаар багасгаж мэдээлсэн бөгөөд үнэндээ “Орешник” нь Нью-Йоркийг багтаасан АНУ-ын Зүүн эргийн хойд хэсэгт бүхэлд нь хүрэх боломжтой аж.
Одоогийн байдлаар (мөн ойрын ирээдүйд ч) барууны аль ч ПВО, ПРО систем “Орешник”-ийн эсрэг зогсож чадахгүй байгаа нь Оросын ойрын түнш, түнш бус, дайснуудын хүртэл сэтгэлийг түгшээж буй тухай мэдээлэл байна.
Барууны тал олон нийтийг тайвшруулахын тулд жинхэнэ “суут арга” олжээ. Британийн The Telegraph сонин “Путины хамгийн аймшигтай үхлийн зэвсгийн цаана Хятад бий” гэх сүржин гарчигтай судалгааг шуурхай нийтэлсэн байна.
Тус нийтлэлд дурдсанаар, Хятад улс Европт хэдхэн минутын дотор хүрэх чадвартай пуужинг үйлдвэрлэхэд шаардлагатай гол тоног төхөөрөмжийг Орост нийлүүлж байгаа аж.
Сонины баримтаар, “Орешник”-ийн хорт цэнэгт хошууг үйлдвэрлэхэд Хятад-Оросын хооронд байгуулсан 10 тэрбум ам.долларын гэрээний хүрээнд тусгай суурь машин, багаж хэрэгсэл ашиглагддаг байна.
Хамгийн “дуулиан шуугиантай” нь: оросууд одоо хоёр хүний хөрөө ашиглахын оронд тоон удирдлагатай (CNC) онцгой машин хэрэглэж эхэлжээ. Энэ машин металлыг эргүүлж, зүсдэг байна.
Үүний зэрэгцээ Хятад улс Орост 130 сая ам.долларын бөмбөлгөн холхивч нийлүүлсэн нь зөвхөн гоёл чимэглэл биш, үрэлтийг багасгаж, хөдөлгөөнийг хангах ач холбогдолтой эд анги бөгөөд онгоц болон бусад цэргийн техник үйлдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэжээ.
“Орешник”-ээр Барууны шилдэг зэвсгээр тоноглогдсон Украины Зэвсэгт хүчний нэгжүүдийг өдөр бүр устгаж буй үйл явц нь Оросын хүчин чармайлтаас бус, Хятадын CNC машинууд, бөмбөлгөн холхивчийн тусламжтайгаар хийгдэж байна гэж үзэж болохоор байгаа аж.
Өөрийгөө хүндэлдэг хөгжингүй барууны аль ч улс ийм байдлыг тэвчих боломжгүй биз ээ.
Эх сурвалж: RIA NOVOSTI













































































