Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат, Монгол Улсын үндэсний бөхийн улсын өсөх идэр начин М.Жамъянпүрэв, волейболын спортын МУГТ Г.Нарантуяагийн охин Жамъянпүрэвийн Энхсоёл Өмнөд Солонгосын спорт сонирхогчдын анхаарлыг татаж, хайр хүндэтгэлийг нь хүлээн, шинэхэн од болон тод гялалзаж байна.
Волейболын мөрөөдөл Солонгост эхэлсэн нь
Ж.Энхсоёл 2022 онд дөнгөж 17 настайдаа охидын волейболын мэргэжлийн дунд сургуулийн сурагч солилцооны хөтөлбөрөөр Өмнөд Солонгос улсыг зорьж, мэргэжлийн спортын замналаа эхлүүлжээ.
Шинэ орчин, хатуу дэглэмд богино хугацаанд дасан зохицож, хичээнгүй бэлтгэл, сахилга баттай байдлаараа багш, дасгалжуулагчдын анхаарлыг татсан байна.
Түүнийг домогт волейболчин, дасгалжуулагч Ким Ён Гён “Энхүүш”, солонгосоор “Инкүши” хэмээн дууддаг байжээ.
Товч танилцуулга
Төрсөн он сар: 2005.03.06
Төрсөн газар: Улаанбаатар хот
Өндөр / жин: 180 см / 65 кг
Өмнө нь тоглож байсан багууд: “Энагурэ”, “Дархан Могулс”
“Wonder Dogs” ба алдарших эхлэл
Өмнөд Солонгосын шигшээ багийн домогт тоглогч Ким Ён Гён зодог тайлж, дасгалжуулагч, продюсерын замналаа эхлүүлэн MBC телевизтэй хамтарч “Wonder Dogs”, “The Wonder Coach” волейболын шоу нэвтрүүлгийг бүтээсэн нь олны анхаарлыг ихэд татсан.
Уг нэвтрүүлэгт оролцохоор гурван монгол охин сонгогдсоны нэг нь Ж.Энхсоёл байлаа.
Есөн ангитай уг цуврал нэвтрүүлэгт Өмнөд Солонгост суралцаж, волейболоор хичээллэж буй монгол охидын бодит амьдрал, тэмцэл, мөрөөдлийг харуулсан нь үзэгчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн байна.
2025 оны хоёрдугаар сарын 6-нд гурван охин ахлах сургуулиа төгсөж, Сөүл хотод дээд сургуульд элсэн орж буй төгсгөл анги нь онцгой хүлээлт, сайшаал хүртжээ.
Солонгосын дээд лигт хөл тавьсан Монгол охин
Телевизийн нэвтрүүлгийн дараагаар Ж.Энхсоёлд Солонгосын эмэгтэйчүүдийн волейболын V-League-ийн гурван удаагийн аварга, 2024-2025 оны улирлын дэд аварга Тэжон хотын волейболын лигт тоглох санал иржээ.
“Jung Kwan Jang Red Sparks” багт өндрийн хүчний довтлогчоор тоглох болсон нь
Тэрбээр KOVO V-League-ийн улирлын дундах шилжилтээр Азийн квотын сонголтоор “Foreign player” статустайгаар багт нэгдэж, FIVB-ийн баталгаажуулсан ITC International Transfer Certificate-ийн дагуу анхны тоглолтоо амжилттай хийсэн билээ.
“Шинэхэн од” – Солонгосын хэвлэлийн үнэлгээ
БНСУ-ын спортын хэвлэлүүд түүнийг:
“Шинэхэн од”, “Ирээдүйтэй Ази тоглогч”
хэмээн онцолж, түүний довтлох хурд, тоглолт унших чадвар, талбай дээрх ухаалаг хөдөлгөөн Солонгосын дасгалжуулагчдын үнэлгээнд бүрэн нийцэж байгааг тэмдэглэжээ.
Онцлох мөч – MBC Entertainment Awards
2025 оны арванхоёрдугаар сарын 29-нд Сөүл хотын Мапо дүүрэгт байрлах MBC Медиа төвд болсон
“2025 MBC Entertainment Awards” ёслолоос
Ж.Энхсоёл “Best Couple” шагналын эзэн болсон нь Монгол тамирчны хувьд онцлох амжилт байлаа.
Фэнүүдийн хайр, урам зориг
Сүүлийн тоглолтуудад баг нь дараалан хожигдсон ч Ж.Энхсоёлын фэнүүд заал дүүрэн байсаар…
Тэд “Зүгээр ээ Инкүши, бид хожил харах гэж биш, чамайг харах гэж ирдэг”
“Өөртөө итгэ. Чамайг хамгийн сайн ойлгодог хүн бол чи өөрөө”
хэмээн урам зориг хайрласан нь түүний жинхэнэ үнэ цэнийг илтгэнэ.
Түүнчлэн солонгос хэлээр орчуулагчгүй, аялгагүй шахам ярьж буйг нь үзэгчид бахархан онцолж байна.
Монголд ирсэн багш
Сонирхолтой нь, Ж.Энхсоёлын багш, дасгалжуулагч Ким Ён Гён
Монгол Улсын Волейболын холбооны Үндэсний лигийн тэмцээнийг үзэхээр
2026 оны хоёрдугаар сарын 2-ноос 6-ны өдрүүдэд Монгол Улсад ирээд буй юм.












































































