Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Монгол Улс дотоодын гангийн хэрэгцээг хангах, цаашлаад экспортод чиглэсэн гангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор олон улсын нээлттэй тендер зарлахад бэлэн болсныг мэдээллээ.
Төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-д тусгаснаар нийт 806 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар ган үйлдвэрлэх цогцолбор үйлдвэр барихаар төлөвлөжээ. Төслийг хэрэгжүүлснээр жилд нэг сая тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх бөгөөд үүнд:
- 500 мянган тонн арматур,
- 400 мянган тонн ган бэлдэц,
- 100 мянган тонн ган бөмбөлөг багтаж байна.
Мөн жилд 850 мянган тонн коксжих нүүрс боловсруулж, 600 мянган тонн металлургийн кокс үйлдвэрлэхээс гадна 60 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн, үйлдвэрийн дотоод хэрэгцээний тодорхой хувийг хангахаар тооцоолжээ.
АҮЭБЯ-наас энэхүү гангийн цогцолборыг байгуулснаар дотоодын ган бүтээгдэхүүний хэрэгцээг хангах, түүнчлэн ган боловсруулах дагалдах үйлдвэрүүдийг хөгжүүлэх боломж бүрдэхийг онцолсон юм.
Тус асуудлыг хэлэлцсэн хурлаар гангийн үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ-тэй танилцаж, олон улсын стратегийн хөрөнгө оруулагч, түншлэгчийг сонгон шалгаруулах төлөвлөгөөг баталсан талаар мэдээллээ.
Ган үйлдвэрлэх цогцолбор барих төсвийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг Ерөнхий сайдын 2025 оны захирамжаар байгуулсан байна.
“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Үйлдвэрлэл, технологи, төсөл хөгжүүлэлтийн газрын менежер Г.Ганхуяг урьдчилсан ТЭЗҮ-г танилцуулахдаа:
“Монгол Улс өнгөрсөн онд нэг сая тонн ган бүтээгдэхүүн импортолсон. 2030 он гэхэд дотоодын гангийн хэрэглээ 1.7 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа тул жилд нэг сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулах шаардлагатай гэж үзсэн.
Үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын гангийн хэрэгцээний 60–70 хувийг хангах боломж бүрдэнэ” хэмээн онцоллоо.
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням:
“Гангийн үйлдвэрийг зөвхөн дотоодын хэрэглээнд тулгуурлах бус, экспортод чиглэсэн бодлогоор хөгжүүлэх нь чухал. Монголд үйлдвэрлэсэн ган Европын зах зээлд 10 хоногийн дотор хүрэх боломжтой бол БНХАУ-д үйлдвэрлэсэн ган 60 хоног зарцуулдаг. Энэ нь бидний өрсөлдөх давуу тал.
Чанартай ган үйлдвэрлэж чадвал авто машин үйлдвэрлэл, салхин сэнс, өрөмдлөгийн тусгай зориулалтын ган зэрэг чиглэлээр экспортлох өргөн боломж бий” хэмээн онцолсон юм.













































































