АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдсэнээр, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди түүнтэй утсаар ярихдаа ОХУ-аас нефть худалдан авахаа зогсоохыг зөвшөөрсөн байна. Энэ талаар Трамп хоёрдугаар сарын 2-ны даваа гарагт Truth Social нийгмийн сүлжээндээ бичжээ.
Трампын хэлснээр, Энэтхэг улс АНУ-аас, мөн магадгүй Венесуэлээс нефтийн импортын хэмжээгээ нэмэгдүүлэхэд бэлэн байгаа аж.
Америйн төрийн тэргүүн “Энэ нь яг одоо үргэлжилж, долоо хоног бүр олон мянган хүний амийг авч одож буй Украин дахь дайныг зогсооход тусална!” хэмээн бичжээ.
АНУ Энэтхэгт ногдуулсан татварыг 18 хувь болгон бууруулжээ
Америкийн удирдагчийн онцолсноор, Вашингтон Энэтхэгт ногдуулж байсан худалдааны татварыг нэн даруй 25 хувиас 18 хувь болгон бууруулах шийдвэр гаргасан байна.
Трампын мэдэгдсэнээр, Моди АНУ-ын бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг нэмэгдүүлэхэд бэлэн байгаа бөгөөд Энэтхэг улс АНУ-ын эсрэг хэрэгжүүлж буй тариф болон тарифын бус саад тотгорыг тэг болтол бууруулах чиглэлээр урагшилна гэжээ.
Моди ОХУ-ын нефтийн талаар дурдаагүй
Энэтхэгийн Засгийн газрын тэргүүн Нарендра Моди X (хуучнаар Twitter) нийгмийн сүлжээндээ АНУ-ын Ерөнхийлөгчтэй “маш сайхан” яриа өрнүүлсэн тухайгаа бичсэн ч ОХУ-аас нефть импортлох асуудлын талаар огт дурдаагүй байна.
Моди “Энэтхэгт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд ногдуулах тариф 18 хувь болж буурсанд маш их баяртай байна” хэмээн Трампын шийдвэрийг баталжээ.
Тэрбээр мөн “Дэлхийн хоёр том эдийн засаг, хамгийн том ардчилсан орнууд хамтран ажиллах үед энэ нь ард түмэнд маань ашиг тусаа өгч, харилцан ашигтай хамтын ажиллагааны асар их боломжийг нээдэг” гэж нэмж бичсэн байна.
Эх сурвалж: DW













































































