Ираны удирдлага ням гарагт “АНУ Иран руу халдвал бүс нутгийн хэмжээнд мөргөлдөөн үүснэ” гэж анхааруулж, Вашингтон-Тегераны хурцадмал байдлыг улам гааруулав. Үүний зэрэгцээ хариу арга хэмжээ болгон Европын Холбоо (ЕХ)-ны орнуудын армиудыг “террорист бүлэглэл” хэмээн зарлажээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг цөмийн хэлэлцээрийг зөвшөөрөхгүй, эсвэл эсэргүүцлийн жагсаалд оролцогчдыг хөнөөхөө зогсоохгүй бол хөндлөнгөөс оролцоно гэж удаа дараа сүрдүүлсний дараа АНУ Ойрхи Дорнод дахь тэнгисийн цэргийн оролцоогоо нэмэгдүүлсэн.
Ираны шашны удирдагчид болон Трампын засаг захиргааны хоорондын хурцадмал байдал үргэлжилж буй ч хоёр тал хоёулаа хэлэлцээг дахин эхлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Турк зэрэг бүс нутгийн холбоотнууд нөхцөл байдлыг намжаахыг зорьж буй юм.
Ираны нэгэн албан тушаалтан төрийн мэдлийн Press TV суваг Ираны Хувьсгалын хамгаалагчдын тэнгисийн цэргийн хүчин Ормузын хоолойд ням, даваа гарагт байлдааны буудлага хийх сургуулилалт явуулна гэж мэдээлснийг няцааж, ийм төлөвлөгөө байхгүй, хэвлэл мэдээллийнхний ташаа мэдээлэл гэж Reuters агентлагт мэдэгджээ.
Дээд удирдагч Аятолла Али Хаменеи төрийн хэвлэлд нийтлүүлсэн мэдэгдэлдээ Трамп бүс нутаг руу усан онгоц илгээлээ гэж ярьж байгаа ч “Ираны ард түмэн ийм зүйлээс айхгүй, эдгээр заналхийлэлд автахгүй” гэжээ.
Тэр “Бид хэн нэгэн рүү эхэлж дайрахгүй, ямар ч улс руу довтлохыг хүсэхгүй. Гэхдээ Ираны ард түмэн рүү халдсан, дарамталсан хэн бүхэнд хүчтэй цохилт өгнө” хэмээн хэлсэн байна.
Одоогийн байдлаар АНУ-ын Тэнгисийн цэрэг бүс нутагт зургаан сөнөөгч хөлөг, нэг нисэх онгоц тээгч, гурван эргийн бүсийн байлдааны хөлөг байрлуулсан нь нэгдүгээр сард Ираны удирдлагын эсрэг гарсан улс даяарх эсэргүүцлийн жагсаалыг цусаар дарсны дараах дайны эрсдэлийг нэмэгдүүлж буй юм.
Reuters агентлаг олон эх сурвалжаас иш татан мэдээлснээр, Трамп Ираны аюулгүй байдлын хүчний эсрэг чиглэсэн байж болох цохилтуудыг багтаасан хувилбаруудыг хэлэлцэж байсан аж.
Тегераны аюулгүй байдлын дээд албан тушаалтан Али Лариджани X сүлжээнд хэлэлцээний бэлтгэл хангагдаж байна гэж бичсэнээс хэдхэн цагийн дараа Трамп бямба гарагт сэтгүүлчдэд Иран Вашингтонтой “нухацтай хэлэлцэж байна” гэж мэдэгджээ.
Мөн Трамп “Тэд хүлээн зөвшөөрөхүйц тохиролцоонд хүрнэ гэж найдаж байна. Цөмийн зэвсэггүй байх нөхцөлтэй, сэтгэл ханамжтай хэлэлцээр байгуулах боломжтой” гэжээ.
Тегеран “батлан хамгаалах чадавхийг нь хязгаарлахыг зорьдоггүй, шударга” хэлэлцээнд бэлэн гэдгээ мэдэгдсэн байна.
Эдийн засгийн хүндрэлээс үүдэн эхэлж, улмаар 1979 онд байгуулагдсанаас хойших Исламын Бүгд Найрамдах Улсад тулгарсан хамгийн ноцтой улс төрийн сорилт болсон эсэргүүцлийн жагсаалууд хүч хэрэглэн дарсны дараа намжжээ.
Албан ёсны тоогоор эмх замбараагүй байдлын улмаас 3117 хүн амиа алдсан бол АНУ-д төвтэй HRANA хүний эрхийн байгууллага ням гарагт нийт 6713 хүний үхлийг баталгаажуулснаа мэдэгдсэн байна. Reuters эдгээр тоог бие даан баталгаажуулж чадаагүй аж.
Жагсаалыг хүч хэрэглэн дарсны хариу болгон Европын Холбоо пүрэв гарагт Ираны Хувьсгалын хамгаалагчдыг (IRGC) террорист байгууллага гэж зарласан нь бэлгэдлийн ач холбогдолтой өөрчлөлт болжээ.
Үүний хариуд ням гарагт Ираны парламентын дарга Мохаммад Бакер Калибаф ЕХ-ны армиудыг мөн террорист гэж зарлаж, ЕХ-ны орнуудын цэргийн атташе нарыг хөөх асуудлыг хэлэлцэхээ мэдэгдсэн байна.
Тэрбээр “Хувьсгалын хамгаалагчдыг онилох гэж оролдсоноор европчууд өөрсдөө хөл рүүгээ буудлаа” хэмээн IRGC-ийн дүрэмт хувцас өмссөн парламентын гишүүдэд хандан хэлсэн байна.
Түүний илтгэлийн дараа хууль тогтоогчид “Америкт үхэл”, “Европ ичиг” хэмээн хашгирчээ.
Эх сурвалж: REUTERS













































































