АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Кирилл Дмитриевтэй хийсэн уулзалтыг “үр дүнтэй” болсон хэмээн мэдэгдлээ. Уг уулзалт нь Орос-Украины дайныг зогсооход чиглэсэн АНУ-ын зуучлалын хүчин чармайлтын хүрээнд Флорида муж улсад болсон байна.
Уулзалтад Америкийн талаас Сангийн сайд Скотт Бессент, Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн Жаред Кушнер, мөн Цагаан ордны ахлах зөвлөх Жош Грюнбаум нар оролцжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан тусгай төлөөлөгч Кирилл Дмитриев мөн бямба гарагт болсон уг уулзалтыг үр дүнтэй болсныг онцлон тэмдэглээд, “Украины асуудлаас гадна Орос-Америкийн эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг ч хэлэлцсэн” хэмээн мэдэгдсэн байна.
Абу-Дабигийн хэлэлцээ
Өнөөдөр Абу-Дабид төлөвлөгдсөн Орос-Украины хэлэлцээний өмнөхөн Кирилл Дмитриев АНУ-д айлчилжээ. Үүнээс өмнө, нэгдүгээр сарын 23, 24-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэлд болсон хэлэлцээний эхний шатанд АНУ оролцсон юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хэлэхдээ, хоёр дахь шатны хэлэлцээ Орос, Украины хооронд үргэлжлэх боловч Вашингтон тодорхой хэлбэрээр оролцох боломжтойг дурдсан байна.
Мөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков бямба гарагт мэдээлэхдээ, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хандан, хэлэлцээ хийх таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Киев хотод агаарын цохилт өгөхгүй байх хүсэлт тавьсан гэжээ.
Трамп агаарын цохилтыг нэг долоо хоногийн хугацаанд зогсооно хэмээн мэдэгдсэн бол Песковын тайлбарласнаар, уг хугацаа хоёрдугаар сарын 1-нд дуусах ажээ.
Үүний зэрэгцээ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэхдээ, АНУ болон Ираны хоорондын хурцадмал байдал даамжирвал ОХУ, АНУ, Украины гурван талт уулзалтын зохион байгуулах газар, тов өөрчлөгдөх боломжтойг онцолсон байна.
Эх сурвалж: DW













































































