“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхийн уурхайд өнгөрсөн сард гарсан тэсэлгээний ноцтой осол уул уурхайн салбар дахь аюулгүй ажиллагаа, хяналт, хариуцлагын асуудлыг дахин хөндөхөд хүргэв.
Тус уурхайд тэсэлгээний ажил гүйцэтгэдэг “Спэйшл Майнинг Сервис” ХХК-ийн хийсэн тэсэлгээний дараа цэнэгтэй үлдсэн цооногууд хяналтгүйгээр дараалан тэсэрч, хөрс хуулалтын ажил хийж байсан эксковатор эвдэрч, оператор нь хүнд гэмтсэн байна.
Ослын шалтгаан нь, тэсэлгээний ажлын технологийн ноцтой алдаа, аюулгүй ажиллагааны зөрчил байсан гэсэн мэдээллийг эх сурвалжууд өгч байна. Энэ нь ганц удаагийн санамсаргүй осол биш бөгөөд уг компанийн үйл ажиллагаатай холбоотой хяналтгүй тэсрэлт, технологийн зөрчил өмнө нь ч удаа дараа гарч гэнэ.
Үүний улмаас уурхайн зарим хэсэг “минжүүлсэн” буюу дахин ажил гүйцэтгэхэд аюултай бүс болж, хүний амь насанд ноцтой эрсдэл учруулах нөхцөл байдал үүссэн аж. Ийм эрсдэлтэй нөхцөл байдалтай холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК уурхайн зарим блокийг битүүмжилж, хөрс хуулалтын ажлыг бүрэн зогсоогоод буй юм.
Өөрөөр хэлбэл, нэг компанийн хариуцлагагүй тэсэлгээ уурхайн хэвийн үйл ажиллагааг саатуулах хэмжээнд хүрчээ. Гэвч осол, зөрчил давтагдсаар байхад тухайн компанид бодитой хариуцлага тооцсон, үр дүнтэй арга хэмжээ авсан талаарх мэдээлэл одоогоор алга байна. Харин бодит байдал дээр хариуцлагагүй тэсэлгээний үр дагаврыг уурхайд ажиллаж буй ажилчдын амь нас, эрүүл мэндээр “төлүүлсээр” байгаа дүр зураг давтагдсаар буй юм байна.
Зарим эх сурвалж үүнийг зүгээр нэг хариуцлагагүй үйлдэл бус, мэргэжлийн ур чадвар дутмаг байдал, улстөрчид болон эрх мэдэлтнүүдтэй холбоотой компаниудын шахаа, тендерийн наймаатай холбоотой байж болзошгүй хэмээн хардаж байна. Учир нь, өнгөрсөн нүүрсний сонсголын үеэр “Спэйшл Майнинг Сервис” ХХК-ийн талаар хэд хэдэн ноцтой баримт дэлгэгдсэн.
Тус компани УИХ-ын гишүүн асан “Молекул” хочит Батж.Батбаяр болон түүний хөвгүүд, УИХ-ын дарга асан Р:Гончигдорж, Эдийн засаг хөгжлийн дэд сайд асан Түвдэндорж нартай хамаарал бүхий болох мэдээлэл олон нийтэд ил болсон билээ.
Мөн уг компани 2019 оноос хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд тэсэлгээний бүх ажлыг дангаар гүйцэтгэж ирсэн бөгөөд улс төрийн нөлөө, харилцаа, хамаарлын давуу байдлаа ашиглан тендерийн сонгон шалгаруулалтад хууль бусаар шалгарч байж болзошгүй асуудал ч хөндөгдөж байв.
Албан бус мэдээллээр, тус компани өнөөдрийг хүртэл нийтдээ 2 их наяд орчим төгрөгийн тендерийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэх мэдээлэл байна.
Эцэст нь, уул уурхайн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар хэмээн тодорхойлдог манай улсын хувьд ийм төрлийн осол, эрсдэл дахин давтагдахаас сэргийлэхийн тулд хууль, журам, стандартыг хатуу мөрдүүлэх, хариуцлага, сахилгын тогтолцоог чангатгах, улс төрийн нөлөөллөөс ангид, мэргэжлийн байгууллагуудад түшиглэсэн бодлого зайлшгүй шаардлагатайг салбарынхан хэлж байна.













































































