Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, 2026 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр уг төслийг олон нийтэд анх удаа танилцуулан хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Төрийн ордонд болсон хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэбат, Д.Энхтуяа нарын хамт холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, салбарын судлаач, мэргэжилтнүүд, иргэд оролцов.
Хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн төсөл санаачлагч гишүүн Д.Энхтуяа энэхүү хуулийн төсөл нь асрах үйлчилгээний төрөл, хэлбэр, ангиллыг тодорхойлох, үйлчилгээ үзүүлэгч болон үйлчилгээ авч буй иргэний эрх, үүргийг хуульчлан баталгаажуулах, асаргааны мэргэжилтний стандарт, хүний нөөцийн тогтолцоог бүрдүүлэх, санхүүжилт, үйлчилгээ худалдан авах, төрөөс дэмжих ил тод, тогтвортой механизмыг бий болгох зорилготойг онцлон тэмдэглэв.
Тэрбээр уг хууль нь Үндсэн хууль, олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжтой нийцсэн байх шаардлагатай бөгөөд хэрэгжилтийг хангахын тулд Нийгмийн халамжийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль зэрэг бусад хууль тогтоомжид уялдаа холбоотой өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсэж байгааг дурдав.
Мөн асрах үйлчилгээг нийгмийн халамжийн хавсарга, туслах хэлбэрээс ангид, бие даасан, мэргэжлийн, хүний эрхэд суурилсан үйлчилгээ болгон хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь нийгмийн бодлогын чухал зорилт болж байгааг онцолжээ.
Үүний дараа хуулийн төслийн үзэл баримтлал, суурь судалгааны талаар хуульч Д.Оросоо танилцуулга хийж, Монгол Улсад хүн амын насжилт эрчимтэй явагдаж, ахмад настны эзлэх хувь 10 хувийг давсан бөгөөд 2050 он гэхэд таван хүн тутмын нэг нь ахмад настан болох төлөвтэй байгааг дурдав.
Түүнчлэн ахмад настнуудын дунд ганцаардал, ядуурал, хөдөлмөр эрхлэлтийн боломж хязгаарлагдмал байдал, нийгмийн оролцооны дутагдал, асрах үйлчилгээний хүртээмжгүй байдал зэрэг асуудлууд хуримтлагдан, тэднийг нийгмийн эрсдэлд өртөх нөхцөлийг улам бүр нэмэгдүүлж байгааг онцолсон байна.
Хуулийн төслийн үндсэн үзэл баримтлал нь хүний эрхэд суурилсан хандлага, хувилбарт асрах үйлчилгээний тогтолцоо, эрсдэлд суурилсан зохицуулалт, мэргэжлийн хүний нөөц, стандарт, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэхэд чиглэж байгааг мөн танилцууллаа.
Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төслийн агуулгатай холбогдуулан олон улсын туршлага, эрх зүйн зохицуулалт, бодлогын дэмжлэгийн механизмын талаар санал солилцож, Монгол Улсад асрах үйлчилгээний тухай бие даасан хууль боловсруулах, батлах нь салбарын хөгжлийн суурь алхам болохыг санал нэгтэйгээр онцлов.
Түүнчлэн хууль батлагдсаны дараа хэрэгжилтийг бодитоор хангах, шаардлагатай тохиолдолд үе шаттай сайжруулах, асрах үйлчилгээг хүний эрхийн асуудал, нийгмийн зайлшгүй хэрэгцээ гэдгийг олон нийтэд ойлгуулах, нийгмийн хандлага, сэтгэлгээг өөрчлөх цогц бодлогыг үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатайг тэмдэглэн хэлэлцжээ.
Энэхүү хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн, хуулийн төслийг сайжруулж, дараагийн шатны бодлогын хэлэлцүүлгүүдэд тусган ажиллахаа төсөл санаачлагч гишүүн илэрхийлсэн













































































