Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ)-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр доктор Чулуунцэрэнгийн Отгочулуу тус төвийн Гүйцэтгэх захирлаар өнөөдөр (2026.01.30) томилогдлоо. Тэрбээр 2010 онд тус төвийн анхны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд ийнхүү дахин удирдлагын үүрэг хүлээж байна.
ЭЗБӨЧСТ нь байгуулагдсан цагаасаа хойш улсын, аймаг, дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайланг тогтмол боловсруулж, Монгол Улсын бодлогын орчныг үнэлэх, дүн шинжилгээ хийх чиглэлээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны байгууллага болон хөгжжээ.
Шинэ удирдлага томилогдсоноор тус төв нь Монгол Улсын өрсөлдөх чадварын үнэлгээг сайжруулах, бодлогын шинжлэх ухаанч зөвлөмж боловсруулах, олон улсын жишигт нийцсэн судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлэх зорилтоо улам эрчимжүүлэхээр төлөвлөж байна.
ЭЗБӨЧСТ-ийн Удирдах зөвлөлийн дарга, доктор П.Цагаан шинээр томилогдсон Гүйцэтгэх захирал Ч.Отгочулууд хандан
“Г.Занданшатарын Засгийн газар Монгол Улсын өрсөлдөх чадварыг дэлхийн хэмжээнд таван байраар урагшлуулах стратегийн зорилт дэвшүүлсэн түүхэн үед Та ажиллах гэж байна. Монгол Улс хэмээх нэг цул, том айлыг дэлхийн дэвжээнд гаргахад юу болж, юу болохгүй байгааг бодитоор үнэлж, ил тод хэлж, хамтран ажиллах нь чухал. Төвийн үйл ажиллагаа болон Удирдах зөвлөлийг өргөжүүлэх бодит саналаа бэлтгэн танилцуулаарай” хэмээн захилаа.
Ч.Отгочулуу нь эдийн засгийн бодлого, судалгааны чиглэлээр төрийн болон хувийн хэвшилд 20 гаруй жил ажилласан арвин туршлагатай судлаач, бодлого боловсруулагч юм. Тэрээр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дарга, Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга зэрэг хариуцлагатай албан тушаалуудыг амжилттай хашиж байсан.
Боловсрол, эрдмийн замналын хувьд тэрээр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад макро эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэрэг, мөнгө санхүүгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалж, Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн онолын тэнхимд докторын зэргээ хамгаалсан.
Түүний судалгааны ажлууд нь “Нээлттэй жижиг эдийн засаг дахь мөнгө, валютын бодлого”, “Олон улсын зэсийн зах зээлийн өрсөлдөөн” зэрэг сэдвүүдийг хамарч, Монгол Улсын эдийн засгийн бодлогын судалгаанд чухал хувь нэмэр оруулжээ.
Өмнөх Гүйцэтгэх захирал Б.Лакшми цаашид ЭЗБӨЧСТ-ийн зөвлөхөөр ажиллаж, төвийн бодлого, судалгааны залгамж чанарыг хадгалах, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах юм байна.
ЭЗБӨЧСТ-ийн шинэ удирдлагын баг нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг бодит судалгаа, шинжлэх ухаанд суурилсан бодлогоор дэмжин, олон улсын түвшинд үнэлэгдэх судалгааны төв болон хөгжүүлэх стратегийн зорилтыг тууштай хэрэгжүүлэхээр зорьж байна.














































































