Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн салбартаа үүсээд буй асуудлыг богино хугацаанд шийдэх боломжгүйг онцолсон. Тэрбээр “Эрчим хүчний салбарт хуримтлагдсан хүндрэлүүд нь өргөс авсан мэт шууд алга болохгүй, урт хугацааны системтэй ажил шаардсан асуудал.
Миний хувьд сайд болсноосоо хойш төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар олон станцын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн ч энэ бүхнийг богино хугацаанд бүрэн засч амжих боломжгүй. Албан тушаалд хоргодох бодол надад байхгүй, өгч авч чаддаг хүн” хэмээн мэдэгдсэн билээ.
Үүнээс харахад, түүнд өгсөн 30 хоногийн хугацаа бодит шийдэл хүлээсэн хугацаа бус, харин хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн огцруулах нөхцөлийг бүрдүүлэх шалтаг болж мэдэхээр байна.
Харин хариуцлагагүй ажилласан гэх үндэслэлээр П.Наранбаяр, П.Дэлгэрсайхан нарыг чөлөөлж болзошгүй тухай мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж байна.
Сайд Б.Дэлгэрсайханыг чөлөөлөх тухай асуудал өмнө нь хэд хэдэн удаа хөндөгдөж байсан ч тэрбээр улс төрийн тохироогоо хийж, суудлаа хадгалсаар ирсэн нэгэн. Тэрбээр “Богд” төмөр замын ажлаа дуусгаад, өөрөө явах тухай ил тод ярьдаг гэх мэдээлэл ч бий.
Мөн энэ жагсаалтад УИХ-ын гишүүн, сайд Г.Дамдинням нэмэгдэх магадлалтай талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Нөгөө талд УИХ дахь Ардчилсан намын бүлэг Засгийн газрыг огцруулах шаардлагаа хаврын чуулганаар үргэлжлүүлэн тавихаа албан ёсоор мэдэгдээд буй. Иймээс хаврын улс төр тайван бус, ширүүн уур амьсгалтай эхлэх төлөв ажиглагдаж байна.
Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд сайд нартаа хариуцлага тооцож, үүсээд буй нөхцөл байдлыг намжаахгүй бол өөрөө улс төрийн эрсдэлд орох магадлалтай байдалд хүрээд буй.
Тэрбээр намрын чуулганы өмнө дэд сайд нарыг томилсонтой холбоотойгоор олон нийтийн шүүмжлэлд хэдийнэ өртсөн.
Сүүлийн хугацаанд шатахууны хомсдол, одоо цахилгааны дутагдал үүсэж, олон нийтийн бухимдал дээд цэгтээ тулж, нийгмийн тогтвортой байдалд заналхийлэх хэмжээнд хүрээд буй.
Ийм нөхцөлд Ерөнхий сайдад сайд нартаа хариуцлага тооцохоос өөр бодит сонголт үлдээгүй нь тодорхой харагдаж байна.
Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр хоногийн өмнө МАН-ын дарга Н.Учралыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн Г.Дамдинням нарын хамтаар дуудаж, нэлээд ширүүн байр суурь илэрхийлсэн гэх мэдээлэл байна.
Энэ нь санаандгүй үйл явдал бус, улс төрийн дараагийн шийдвэрүүдийн дохио хэмээн ажиглагчид тайлбарлаж буй юм.
Үүнтэй зэрэгцэн УИХ дахь Ардчилсан намын бүлэг, тэр дундаа О.Цогтгэрэл тэргүүтэй гишүүд Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах шаардлагад гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд энэ асуудлаа хаврын чуулганаар үргэлжлүүлэн тавихаа мэдэгдсэн.
Мөн тус бүлгийн гишүүн Ө.Шижир Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарыг огцруулах саналыг Ерөнхий сайдад албан ёсоор хүргүүлэхээ олон нийтэд зарласан.
Ийнхүү нийгмийн шахалт болон сөрөг хүчний улс төрийн дарамт давхцаж буй энэ нөхцөлд Ерөнхий сайд уг асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүйд хүрээд буйг ажиглагчид онцолж байна.













































































