Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, ОХУ-аас өгсөн хосолсон цохилтын дараа Харьков хот болон Харьков мужийн 80 хувь нь цахилгаангүй болж, хоёр хүн шархадсан байна.
Эрчим хүчний байгууламжууд, мөн сургууль, олон давхар орон сууц, цэцэрлэгүүд цохилтод өртжээ.
Харьков мужийн цэргийн захиргааны дарга Олег Синегубов Telegram хуудсаараа дамжуулан “Оросууд цохилт өгөхдөө “Торнадо-С” олон удаагийн пуужин харвах систем болон Shahed төрлийн нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашигласан” гэж мэдээлжээ.
Харьков хот дахь нэг эрчим хүчний объект, хоёр сургууль өртсөн аж. Синегубов эрчим хүчний дэд бүтцэд учирсан хохирлыг “нэлээд ноцтой” гэж тодорхойлсон байна.
Тэрбээр “Одоогоор Харьков хот болон мужийн 80 орчим хувь нь цахилгаангүй байгаа тул бид яаралтай хязгаарлалтын хуваариар ажиллаж байна” гэж мэдэгджээ.
Нэгдүгээр сарын 26-ны орой Харьковт өгсөн цохилт
ОХУ-ын зэвсэгт хүчин Харьков хотод нэгдүгээр сарын 26-ны орой пуужингаар цохилт өгсөн байна. Хотын дарга Игорь Терехов Telegram хуудсаараа дамжуулан мэдээлэхдээ, сургууль төдийгүй олон давхар орон сууцууд, нэг цэцэрлэг цохилтод өртсөн гэжээ.
Мөн “техникийн шалтгаанаар” Харьковын метроны гурван шугамын хоёрынх нь хөдөлгөөн зогссон талаар метроны албан ёсны сайтад мэдээлсэн байна.
Орон нутгийн оршин суугчид ус, халаалт тасалдсан, мөн цахилгаантай байруудад хүчдэлийн хэлбэлзэл үүсэж байгаа талаар гомдоллож буй тухай Украины “Страна.ua” цахим хэвлэл орон нутгийн Telegram сувгуудын мэдээллээс иш татан уламжилжээ.
Харьков нэгдүгээр сарын 24-нд мөн халдлагад өртсөн
ОХУ өмнө нь Харьковт нэгдүгээр сарын 24-ний шөнө томоохон цохилт өгсөн бөгөөд орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр бараг хоёр цаг 30 минут үргэлжилжээ.
Хотын хэд хэдэн дүүрэгт байрлах олон давхар орон сууцууд, хувийн хэвшлийн барилгууд, орон нутгийн эмнэлэг болон төрөх тасаг цохилтод өртсөн байна. Үүний улмаас 19 хүн шархадсан гэж хотын дарга Терехов мэдээлжээ.
Эх сурвалж: DW













































































