АНУ-ын технологийн аваргууд болох Google болон Apple компаниуд хэрэглэгчдийнхээ хувийн яриаг нууцаар сонсож, бичиж авсан гэх шүүхийн нэхэмжлэлийн хүрээнд нийт 163 сая ам.долларын нөхөн төлбөр олгохоор болжээ.
Тус нэхэмжлэлд дурдсанаар, эдгээр компаниудын төхөөрөмж, үйлчилгээ ашигладаг сая сая хэрэглэгчийн хувийн яриаг тэдний зөвшөөрөлгүйгээр сонсож, бичиж авсан байна. Улмаар уг мэдээллийг гуравдагч этгээд, тэр дундаа зар сурталчилгааны компаниудад дамжуулж, хэрэглэгчдэд зорилтот сурталчилгаа хүргэхэд ашигласан гэж буруутгасан юм.
Уг хэрэг нь 2019 онд АНУ-ын иргэн Фумико Лопес болон бусад хэрэглэгчдийн хамтаар анх үүсгэгдсэн байна. Тэдний мэдүүлснээр, хувийн орчинд, утас болон ухаалаг төхөөрөмжийнхөө ойролцоо ярьсан зарим сэдэв, брэндийн нэрс удалгүй онлайн орчинд зар сурталчилгааны хэлбэрээр гарч ирсэн нь хардлага төрүүлсэн аж.
Шүүхийн баримтад зарим хэрэглэгч “утсаараа огт хайлт хийгээгүй атлаа, зөвхөн ярианд дурдсан бүтээгдэхүүн, үйлчилгээний сурталчилгаа цахим орчинд байнга гарч ирсэн” хэмээн мэдүүлсэн нь уг хэргийг нотлох гол үндэслэл болсон байна.
Google болон Apple компаниуд буруугаа бүрэн хүлээн зөвшөөрөөгүй ч уг маргааныг шүүхийн шатанд удаан үргэлжлүүлэхээс зайлсхийж, нөхөн төлбөр олгох замаар тохиролцоонд хүрсэн гэж эх сурвалжууд мэдээлжээ.













































































