Туркийн Истанбул хотын Сисли дүүрэгт 37 настай Узбекистаны иргэн эмэгтэйн толгой болон хоёр хөлгүй цогцос олдсон хэрэг гарч, олон нийтийн уур хилэнг бадраав. Хэргийг бямба гаргийн орой дахин боловсруулах хаягдал цуглуулж явсан иргэн илрүүлсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар цогцосыг даавуугаар боосон байсан нь тогтоогдсон бөгөөд биеийн хэсгүүдийг одоогоор олж илрүүлээгүй байгаа аж. Хэрэг гарсан газарт байрлах хяналтын камерын бичлэгт хоёр эрэгтэй хогийн саванд цүнхтэй зүйл хаяж буй дүрс үлдсэн ч цүнхэн дотор юу байсан нь тодорхойгүй буй юм байна.
Цогцос олдсоноос хойш хэдхэн цагийн дараа Истанбулын олон улсын нисэх онгоцны буудлаас Узбекистаны хоёр иргэнийг сэжигтэнээр саатуулсан ба удахгүй гурав дахь этгээдийг баривчилжээ.
Энэхүү хэрэг нь Турк улсад эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлыг дахин хурцаар хөндөхөд хүргэж, иргэний нийгмийн байгууллагуудын эсэргүүцлийг өдөөсөн байна.
Ням гарагт Сисли дүүргийн Османбей метроны буудлын орчимд мянга гаруй хүн цугларч, цогцос олдсон газар хүртэл жагсаал зохион байгуулжээ.
Жагсагчид “Эрэгтэйчүүдийн хүчирхийллийг зогсоо”, “Алагдсан эмэгтэйчүүдэд шударга ёс хэрэгтэй”, “Цагаач эмэгтэйчүүд ганцаараа биш” гэх уриа бүхий самбар барьсан байсан аж. Үүнтэй зэрэгцэн Анкара хотод “Stop Femicides” хөдөлгөөний зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаалд хэдэн зуун хүн оролцжээ.
Хөдөлгөөний төлөөлөгч Исил Курт “Гэмт хэрэгтнүүд өөрсдийгөө шийтгэлээс мултарна гэдэгт итгэлтэй болсон учраас ийм хэрцгий байдлаар цогцсыг ил хаяж байна” гэж мэдэгдсэн байна.
Турк улс эрчүүдийн үйлдсэн хүчирхийллийн улмаас амиа алдсан эмэгтэйчүүдийн албан ёсны статистик мэдээллийг тогтмол гаргадаггүй бөгөөд сайн дурын байгууллагууд хэвлэл мэдээллийн эх сурвалжид тулгуурлан судалгаа хийдэг аж.
“Stop Femicides” хөдөлгөөнөөс мэдээлснээр, 2025 онд Турк улсад 294 эмэгтэй санаатай аллагад өртөж, өөр 297 эмэгтэй сэжигтэй нөхцөл байдалд амь насаа алдсан байна.
Мөн Сисли дүүргийн захирагч асан Ресул Эмрах Сахан “Хариуцлага тооцохгүй, чимээгүй өнгөрөөдөг тогтолцоо нь фемисид (эмэгтэй учраас зориул хөнөөх)-ийг улам хэрцгий хэлбэрт хүргэж байна” гэж олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлжээ.
Эх сурвалж: AF
Б.АНУ













































































