Филиппин улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах нохойн олон улсын тэмцээнд Монгол банхар түрүүлжээ.
Тодруулбал, “Мянган найз Дэмүүл” дуудлагатай, хоёр настай эр банхар нийт найман тэмцээнд оролцсоноос долоод нь группийн аварга болж, нэг тэмцээнд дэд байр эзэлсэн байна. Үүний үр дүнд тус нохой Филиппин улсын аварга цол хүртжээ. Мөн найман шоу арга хэмжээнээс долоод нь шалгарч, нэг шоунаас гуравдугаар байр эзэлсэн амжилтыг үзүүлсэн байна.
Энэхүү тэмцээнд дэлхийн 40 гаруй үүлдрийн 600 орчим нохой өрсөлдсөн бөгөөд нас, хүйс, ур чадвар зэрэг олон үзүүлэлтээр ангилан зохион байгуулдгаараа онцлогтой аж. Шүүгчид болон олон нийтийн зүгээс монгол банхрын байгалийн өгөгдөл, зан авир, биеийн зөв харьцаа, сүр жавхлант төрхийг онцлон сайшааж, өндөр үнэлгээ өгчээ.
Монгол банхар нохойн олон улсын тэмцээний амжилтуудаас дурдвал, 2025 оны дөрөвдүгээр сард Хорват улсын нийслэл Загреб хотноо зохион байгуулагдсан “World Dog Show 2024” тэмцээнд мөн группийн аварга болж, дэлхийн хэмжээнд Монголын үндэсний үүлдрийг амжилттай сурталчилж байсан юм. Энэхүү амжилт нь монгол банхар нохойн үүлдрийн үнэ цэнэ, олон улсын түвшинд өрсөлдөх чадварыг дахин нотолсон чухал үйл явдал боллоо.
Б.АНУ













































































