Оросын зэвсэгт хүчин нэгдүгээр сарын 24-ний бямба гаргийн шөнө болон үүрээр Украин руу дахин их хэмжээний пуужин, нисгэгчгүй онгоц ашиглан довтолжээ. Украины эрх баригчид болон аврах албадын мэдээлснээр, довтолгооны гол бай нь Киев хот байсан бөгөөд ОХУ дахин чухал дэд бүтцийн объектуудыг онилсон байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал Telegram сувгуудаараа дамжуулан “Шөнийн турш Орос улс манай бүс нутгууд руу өргөн хүрээтэй дайралт хийлээ. Нийт 370 гаруй цохилтот дрон, янз бүрийн төрлийн 21 пуужин харвасан. Киев хот болон муж, Сумы, Харьков, Черниговын мужууд довтолгоонд өртлөө” хэмээн мэдээлжээ.
Киев хотод 6000 орчим байшин дулаангүй болов
Киев хотын дарга Виталий Кличко Днепр мөрний зүүн эрэгт дулаан болон усан хангамж тасалдсан талаар мэдээлэв. Мөн урьдчилсан мэдээгээр, хотын Деснян, Днепровск, Дарниц, Голосеев, Соломенск дүүргүүдэд дронуудын хэлтэрхий унаснаас үүдэлтэй ослууд гарч, зарим газарт гал түймэр дэгдсэн ч ноцтой эвдрэл сүйрэл бүртгэгдээгүй байна.
Шинэ довтолгоогоор чухал дэд бүтцэд учирсан гэмтлийн улмаас Киев хотод дахин 6000 орчим орон сууц дулаангүй болжээ. Кличко “Эдгээрийн ихэнх нь нэгдүгээр сарын 9 болон 20-ны халдлагын дараа хоёр удаа сэргээсэн, эсвэл сэргээхийг оролдсон объектууд” хэмээн Telegram-даа бичсэн байна.
Албан ёсны мэдээллээр, дор хаяж нэг хүн амь үрэгдэж, дөрвөн хүн шархадсан бөгөөд өглөө болтол агаарын түгшүүрийн дохио хэвээр үргэлжилжээ.
Харьков хотод хоёр цаг хагас орчим хугацаанд дроны дайралт үргэлжилжээ
Харьков хотын дарга Игорь Тереховын мэдээлснээр, хот хоёр цаг хагас орчим нисгэгчгүй онгоцны довтолгоонд өртсөн байна. Харьков руу дор хаяж 25 дрон чиглүүлсэн ч бүгдийг нь устгаж чадсан эсэхийг тодорхой болгоогүй аж.
Цохилтод олон давхар орон сууцууд, хувийн байшингууд, орон нутгийн эмнэлэг, амаржих газар өртжээ. Мөн дотоодын дүрвэгсэд амьдардаг дотуур байранд дрон туссан талаар хотын дарга онцолсон байна. Терехов “Шархадсан хүмүүс байна. Энэ шөнө орон гэрээ алдсан иргэд ч бий” гэж мэдэгдэв.
Сүүлийн мэдээллээр, Харьков хотод өгсөн цохилтын улмаас 14 хүн шархадсаны дотор жирэмсэн эмэгтэй, хүүхэд байгаа аж. Терехов “Энэ бол энгийн иргэдийн амьдарч, ажиллаж, хүүхдээ өсгөж буй тайван хотыг санаатайгаар онилсон халдлага” хэмээн онцолжээ.
Орос улс нэгдүгээр сард Украинд эрчим хүчний ноцтой хямрал үүсгэв
Орос улс зөвхөн нэгдүгээр сард Украин руу дор хаяж гурван удаа томоохон довтолгоо хийж, улмаар улс даяар орон сууцууд дулаан, цахилгаан, усаар тасалдахад хүрчээ.
Нэгдүгээр сарын 9-ний халдлагын дараа зөвхөн Киев хотод л гэхэд олон давхар орон сууцны талаас илүү хувь нь, өөрөөр хэлбэл 6000 гаруй байшин дулаангүй болсон байна. Үүссэн эрчим хүчний хямралын улмаас хотын дарга Виталий Кличко иргэдийг “цахилгаан, дулааны нөөц эх үүсвэртэй газарт, хотын зах руу түр нүүхийг” уриалжээ.
Нэгдүгээр сарын 20-нд Орос улс Киевийн эрчим хүчний дэд бүтцэд дахин цохилт өгсөн бөгөөд өмнөх халдлагын дараах сэргээн босголт бүрэн дуусаагүй байв.
Шинэ довтолгооны үр дагавар мөн адил хүнд байсан бөгөөд 5635 олон давхар орон сууц дахин дулаангүй болжээ. Үүнийг хасах хэмтэй хүйтэн цаг агаар улам хүндрүүлсэн аж. Нэгдүгээр сарын турш Киев хотод агаарын температур –17 хэм хүрч буурсан байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яам Украин дахь эрчим хүчний объектуудад цохилт өгч байгаагаа хүлээн зөвшөөрдөг ч тэдгээрийн зорилго нь Украины цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын ажиллагааг алдагдуулах явдал хэмээн тайлбарлажээ.
Кремль мөн өвлийн улиралд Украины эрчим хүчний салбарыг онилон довтолж буйгаа хүлээн зөвшөөрч байсан бөгөөд Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын тайлбарласнаар, энгийн иргэд дулаангүй байгаа нь Киев “хэлэлцээ хийхээс татгалзаж байгаагийн үр дагавар” гэжээ.
Эх сурвалж: DW













































































