Украин, Оросын хэлэлцээний багууд баасан гарагт Абу Дабид уулзаж, нутаг дэвсгэрийн чухал асуудлыг хэлэлцсэн ч тохиролцоонд хүрэх ямар нэгэн шинж тэмдэг ажиглагдсангүй.
Үүний зэрэгцээ Оросын агаарын цохилтууд Украиныг бараг дөрвөн жил үргэлжилж буй дайны хамгийн хүнд бөгөөд эрчим хүчний хямралд оруулжээ.
ОХУ 2022 оны хоёрдугаар сард Украинд бүрэн хэмжээний халдлага эхлүүлснээс үүдэлтэй энэхүү дайныг зогсоохын тулд Киевд АНУ энхийн хэлэлцээрт хүрэх шахалт улам тулгасаар байна.
Москва байлдааны ажиллагаагаа зогсоохын өмнө Украин улс зүүн нутгийн аж үйлдвэрийн бүс болох Донбассыг бүхэлд нь шилжүүлэн өгөхийг шаардсаар байгаа юм.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нутаг дэвсгэрийн маргаан нь Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчдийг хамарсан гурван талт хэлэлцээний гол асуудал болохыг мэдэгдэв. Тус хэлэлцээ бямба гарагт өндөрлөх аж.
Зеленский Telegram хуудсаараа дамжуулан “Хамгийн чухал нь Орос улс өөрөө эхлүүлсэн энэ дайныг зогсооход бэлэн байх ёстой” хэмээн мэдэгдэж, Украины хэлэлцээний багтай байнгын холбоотой байгаа ч баасан гаргийн уулзалтаас тодорхой дүгнэлт хийхэд хараахан эрт байна гэжээ.
Тэрбээр “Маргааш яриа хэлэлцээ хэрхэн үргэлжлэх, ямар үр дүнд хүрэхийг харна” гэж нэмж хэлжээ.
Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд хэлэлцээний багийг ахалж буй Рустем Умеров хэлэхдээ, уулзалтаар дайныг зогсоох нөхцөл, мөн “цаашдын хэлэлцээний үйл явцын логик”-ийг хэлэлцсэн гэж мэдэгдсэн байна.
Эдгээр хэлэлцээ нь Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Швейцарын Давост болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсанаас хойш нэг хоногийн дараа болж буй юм.
Зеленский баасан гарагт мэдэгдэхдээ, АНУ-аас Украинд үзүүлэх аюулгүй байдлын баталгааны талаархи хэлэлцээр бэлэн болсон бөгөөд гарын үсэг зурах тодорхой огноо, байршлыг Трампаас хүлээж байна гэжээ.
Украин улс энхийн хэлэлцээр байгуулагдсан тохиолдолд Орос улс дахин довтлохоос сэргийлэхийн тулд Барууны холбоотнуудаас хүчтэй, найдвартай аюулгүй байдлын баталгаа шаардаж ирсэн. Харин дайныг зогсоох сонирхол Орост төдийлөн харагдахгүй хэвээр байгаа аж.
Орос эрчим хүчний дэд бүтцэд довтолгоогоо эрчимжүүлэв
АНУ-ын зуучлалаар зохион байгуулагдаж буй гурван талт хэлэлцээ нь Оросоос Украины эрчим хүчний системд чиглэсэн цохилтууд эрчимжиж, Киев зэрэг томоохон хотуудад цахилгаан, дулаан тасалдаж, агаарын температур хасах хэмд хүрч буй хүнд нөхцөлд өрнөж байна.
Украины хамгийн том хувийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгч компанийн тэргүүн Максим Тимченко баасан гарагт Reuters агентлагт хэлэхдээ, нөхцөл байдал “хүмүүнлэгийн сүйрэлд ойртож” байгаа бөгөөд эрчим хүчний дэд бүтцэд чиглэсэн халдлагыг зогсоох гал зогсоох хэлэлцээр зайлшгүй шаардлагатай байгааг онцолжээ.
Эх сурвалж: REUTERS













































































