16 настай охин болон 32 настай эмэгтэйн амь насыг онц ноцтойгоор хохироосон гэмт хэргийн шүүх хурал хоёр өдөр үргэлжилж, шүүгчид дөнгөж сая ялын тогтоолоо уншлаа.
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Ц.Дагвадоржид хүний амь насыг онц хэрцгийгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн бүх насаар нь хорих ял оноов.
Харин хэрэгт шүүгдэгч болон хохирогч гэсэн хоёр статустайгаар оролцсон Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарт холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн, мөн насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайханд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгалаа.
Хэргийг эргэн сануулахад, 2024 оны зургадугаар сард тухайн үед 20 настай байсан Ц.Дагвадорж нь хоёр хүний амь насыг богино хугацаанд онц хэрцгийгээр хохироосон хэрэгт холбогдон шалгагдсан юм.
Тодруулбал, 2024 оны зургадугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө 32 настай З гэх эмэгтэйг гэрт нь хөнөөж, улмаар хүнсний скочоор ороон, хувцасны шүүгээнд нуусан байсныг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон байна.
Талийгаач эмэгтэйг ар гэрийнхэн нь болон хууль хяналтын байгууллагууд олон хоногийн турш хайсан ч олдоогүй бөгөөд улмаар цогцос нь өмхийрсөн байдалтайгаар гэрээс нь олджээ.
Үүнээс 12 хоногийн дараа буюу 2024 оны зургадугаар сарын 21-ний шөнө шүүгдэгч Ц.Дагвадорж архидан согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн II хороонд оршин сууж байсан 16 настай Ш гэх охины амь насыг онц хэрцгийгээр хохироож, цогцсыг нь чемоданд хийсэн байсныг цагдаагийн байгууллага илрүүлсэн байна.
Уг хоёр хэргийг нэгтгэн шалгаж, шүүхээр хэлэлцсэний эцэст ийнхүү шүүхээс шийдвэр гаргалаа.













































































