ОХУ, АНУ, Украины гурван талт ажлын хэсгийн анхны уулзалт нэгдүгээр сарын 23-ны өдөр Абу-Дабид болохоор төлөвлөгдсөн талаар тухайн өдрийн өглөө ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков утсаар хийсэн хэвлэлийн товч мэдээллийн үеэр мэдэгджээ.
Тус мэдээллийг Украины асуудлаарх энхийн зохицуулалтын хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын төлөөлөгчид болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын хооронд Кремльд болсон хэлэлцээний дараа хийсэн байна.
Юрий Ушаков “Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 23-ны баасан гарагт Абу-Даби хотод аюулгүй байдлын асуудлаарх гурван талт ажлын хэсгийн анхны хуралдаан болно гэж тохиролцсон” хэмээн онцолсон байна. Түүний мэдэгдлийн бичлэгийг ОХУ-ын төрийн мэдээллийн агентлаг ТАСС нийтэлжээ.
ОХУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн аль хэдийнэ тодорхой болсон бөгөөд ойрын цагуудад Арабын Нэгдсэн Эмират Улс руу нисэх аж. Төлөөлөгчдийг ОХУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын Ерөнхий газрын дарга, адмирал Игорь Костюков тэргүүлнэ гэж Юрий Ушаков тодрууллаа.
Москва дахь АНУ–ОХУ-ын уулзалт
Нэгдүгээр сарын 23-нд шилжих шөнө Кремльд хаалттай хаалганы цаана болсон уулзалтад Америкийн талаас АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф, Цагаан ордны ахлах зөвлөх Жош Грюнбаум, мөн Дональд Трампын хүргэн Жаред Кушнер нар оролцжээ.
Жаред Кушнер 2017-2021 онд Трампын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд одоогоор АНУ-ын засаг захиргаанд албан ёсны албан тушаал хашдаггүй ч Ерөнхийлөгчид нөлөөтэй хэвээр байж, Цагаан ордны дипломат, улс төрийн санаачилгад оролцсоор байгаа аж.
Харин Жош Грюнбаум нь АНУ-ын Ерөнхий үйлчилгээний газрын харьяа Холбооны худалдан авалтын албаны комиссар бөгөөд Трампын шийдвэрээр шинээр байгуулагдсан “Энхийн зөвлөл”-ийн ахлах зөвлөхөөр томилогдсон ба энэхүү хэлэлцээнд анх удаа оролцжээ.
Ю.Ушаков: Хэлэлцээ маш агуулгатай, илэн далангүй болсон
Оросын талаас уг уулзалтад Ерөнхийлөгч Владимир Путин, Юрий Ушаков нарын хамт ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч, Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн (РФПИ) ерөнхий захирал Кирилл Дмитриев оролцсон байна.
Юрий Ушаковын мэдээлснээр, хэлэлцээ дөрвөн цагаас илүү хугацаанд үргэлжилж, “онцгой агуулгатай, бүтээлч, илэн далангүй, харилцан итгэлцэлд суурилсан” болсон аж.
Тэрбээр Стив Уиткофф болон Жаред Кушнер нар Давост болсон уулзалтуудын талаарх сэтгэгдлээ хуваалцсан бөгөөд үүнд Дональд Трамп, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нарын уулзалтын талаар ч дурдсан гэжээ.
Мөн Абу-Дабид АНУ–ОХУ-ын хоёр талт, эдийн засгийн асуудал хариуцсан ажлын хэсгийн удирдагчид болох Стив Уиткофф, Кирилл Дмитриев нарын уулзалт давхар зохион байгуулагдана гэдгийг Юрий Ушаков нэмж мэдээлсэн байна.
Эх сурвалж: DW













































































