Монгол Улс Зэвсэг хураах бага хурлын (ЗХБХ) 2026 оны эхний даргаар ажиллах хүрээнд нэгдүгээр сарын 20-нд НҮБ-ын Женев дэх төв байранд анхны нэгдсэн хуралдааныг хуралдуулав. Хурлыг Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төвийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа даргаллаа.
Нээлтийн үеэр тэрбээр Монгол Улсад итгэл хүлээлгэсэн гишүүн орнуудад талархал илэрхийлж, даргын үүргийг шударга, ил тод, хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлэхээ мэдэгдэв.
Мөн 2026 он нь цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний хэрэгжилтийг хянан хэлэлцэх бага хурал болон шинэ төрлийн зэвсгийн системтэй холбоотой хэлэлцүүлгүүд идэвхжиж буй онцгой жил болохыг онцоллоо.
Монгол Улс цөмийн зэвсэггүй бүсийн статустай, энх тайванч орны хувьд ЗХБХ-ын ажлыг урагшлуулахын төлөө тууштай ажиллахаа илэрхийлж, стратегийн үл итгэлцэл нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд тус бага хурал нь яриа хэлцээ, дипломат ажиллагааны чухал талбар хэвээр байгааг тэмдэглэв.
2026 оны хуралдаан гурван үе шаттай үргэлжлэх бөгөөд Монгол Улс даргалах хугацаандаа цөмийн зэвсгийг хорогдуулах, сөрөг аюулгүй байдлын баталгаа, сансрын уудам дахь зэвсгийн өрсөлдөөнөөс сэргийлэх, цэргийн зориулалттай шинэ технологийн зохицуулалт зэрэг асуудлаар үр дүнд чиглэсэн хэлэлцүүлэг өрнүүлэх зорилт тавьж байна.
Нээлтийн хуралдаанд оролцсон төлөөлөгчид Монгол Улсад амжилт хүсэж, ЗХБХ-ын үүрэг өнөөгийн геополитикийн нөхцөлд улам бүр нэмэгдэж буйг онцлон тэмдэглэв. Хуралдааны үеэр ЗХБХ-ын 2026 оны хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталлаа.













































































