ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба (ХАБА)-ын ажилтнууд Москва хотод Оросын аюулгүй байдалд хохирол учруулах зорилготойгоор ирсэн Молдавын тусгай албаны агентыг баривчилсан талаар ХАБА-ны Олон нийттэй харилцах төвөөс мэдээлжээ.
Тус төвөөс мэдээлснээр, ОХУ-ын иргэн уг этгээд 2025 оны арванхоёрдугаар сард Бүгд Найрамдах Молдова Улсын Мэдээлэл, аюулгүй байдлын албанаас өгсөн даалгаврыг биелүүлэх зорилгоор Москва хотод иржээ. Улмаар уг ажиллагааг бэлтгэж байх үед нь ХАБА баривчилсан байна.
Түүнээс хураан авсан харилцаа холбооны хэрэгслүүдээс Молдавын тусгай албаны ажилтантай хийсэн захидал харилцаа илэрсэн нь дээрх нөхцөл байдлыг баталжээ.
ХАБА-ны Мөрдөн шалгах газраас уг хэрэгт ОХУ-ын Эрүүгийн хуулийн 275.1 дүгээр зүйлд заасан гадаад улс, олон улсын буюу гадаад байгууллагатай нууц хэлбэрээр хамтран ажилласан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, сэжигтнийг цагдан хорих арга хэмжээ авсан байна. Тус заалтын дагуу найман жил хүртэл хорих ял оногдуулах боломжтой аж.
ХАБА-наас “Яллагдагч хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгч байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” хэмээн мэдээлжээ.
Мөн ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Олон нийттэй харилцах төвөөс “Барууны орнуудын санхүүгийн болон зөвлөхийн дэмжлэгтэйгээр Молдавын тусгай албад илчлэгдэх өндөр эрсдэлтэй ч ОХУ руу агентуудаа илгээсээр байгаа нь анхны тохиолдол биш” гэж онцолжээ.
Тухайлбал, 2025 оны тавдугаар сард Москва хотод хуурамч бичиг баримтаар ОХУ-д нэвтэрч, хууль бус үйл ажиллагаа явуулахыг завдсан Молдавын тагнуулын хоёр агентыг баривчилж байсан аж.
Эх сурвалж: TASS













































































