Германы зүүн бүс нутагт ОХУ-ын ашиг сонирхлын төлөө хууль бус үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй гурван хүнийг баривчилсан талаар Холбооны ерөнхий прокурорын газар нэгдүгээр сарын 21-нд Карлсруэд мэдээлэв.
Бранденбург мужид ОХУ-ын иргэн А.Сурен болон ХБНГУ-ын иргэн Х.Фалько нарыг саатуулсан бөгөөд тэднийг гадаадын террорист байгууллагыг дэмжсэн хэрэгт буруутгаж байгаа аж.
Украины зүүн бүс рүү “хүмүүнлэгийн тусламж”, дрон илгээж байжээ
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, 2016 оноос хойш эдгээр хоёр этгээд Герман улсаас өөрсдийгөө “Донецкийн бүгд найрамдах улс” , “Луганскийн бүгд найрамдах улс” (ЛНР) хэмээн нэрлэдэг бүс нутгууд руу хүмүүнлэгийн ачаа, эмнэлгийн хэрэгсэл, нисгэгчгүй нисэх төхөөрөмж илгээдэг байгууллагад удирдах түвшний үүрэг гүйцэтгэж байжээ.
А. Сурен нь орон нутгийн зэвсэгт бүлэглэлүүдэд зориулсан тээврийн зардлыг санхүүжүүлж байсан бол Х.Фалько нь нийлүүлэлтийн захиалга авч, ачааг газар дээр нь хуваарилахад оролцож байсан гэж прокурорын байгууллага үзэж буй аж.
ARD телевизийн мэдээлснээр, уг байгууллага Friedensbrücke-Kriegsopferhilfe (“Энхийн гүүр – дайны хохирогчдод туслах”) нэртэй аж. Баривчлагдсан хүмүүс нэгдүгээр сарын 22-нд шүүгчийн өмнө очих бөгөөд тэднийг цагдан хорих эсэхийг шүүх шийдвэрлэх юм байна.
Берлинд ОХУ-ын тусгай албанд мэдээлэл дамжуулсан сэжигтэй эмэгтэйг саатуулжээ
Мөн энэ өдөр Берлин хотод Герман, Украины давхар иргэншилтэй В.Илона гэх эмэгтэйг ОХУ-ын тусгай албанд ажилласан байж болзошгүй хэргээр баривчилжээ.
Холбооны ерөнхий прокурорын газрын мэдээлснээр, тэрбээр Оросын тагнуулын албаны удирдан чиглүүлэгчтэй холбоо тогтоон, ОХУ-ын Украинд явуулж буй дайнд хамаарах мэдээллийг дамжуулж байсан аж.
Түүнчлэн Германы Батлан хамгаалах яамны хуучин ажилтнуудтай хувь танилын хүрээнд харилцаж байсан гэж үзэж буй юм байна.

В.Илонагийн орон сууцнаас гадна Бранденбург, Рейнланд-Пфальц, Бавари мужуудад байрлах өөр хоёр сэжигтний байранд нэгжлэг хийжээ. Бусад хоёр холбогдогч одоогийн байдлаар сул чөлөөтэй байгаа аж.
Прокурорын байгууллагын мэдээлснээр, В.Илонаг гадаадын тагнуулын ашиг сонирхлын төлөө ажилласан хэрэгт сэжиглэж буй юм байна.
Мөн тэрбээр улс төрийн арга хэмжээнд оролцогчдын талаарх мэдээлэл, батлан хамгаалахын объектуудын байршил, дрон туршилт болон Украинд дрон нийлүүлэх төлөвлөгөөтэй холбоотой мэдээлэл цуглуулж байсан аж.
Германы Холбооны ерөнхий прокурорын газар өөрсдийгөө “Донецкийн бүгд найрамдах улс”, “Луганскийн бүгд найрамдах улс” хэмээн нэрлэдэг байгууллагуудыг террорист байгууллага гэж ангилдаг бөгөөд Украины эдгээр нутаг дэвсгэрийг 2014 оны хавар Москвагийн хяналтад байдаг хүчнүүд эзлэн авсан билээ.
Эх сурвалж: DW













































































