Brand Finance байгууллагын “Global 500-2026 оны дэлхийн хамгийн үнэ цэнтэй 500 брэнд” тайланд Apple компани дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндээр дахин тодорчээ.
Тус брэндийн үнэлгээ 607.6 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн жилийн 574.5 тэрбум ам.доллараас өссөн үзүүлэлт аж. Ингэснээр компани дэлхийн брэндийн үнэлгээгээр тэргүүлэх байр сууриа хадгалж буй юм байна.
Жагсаалтын хоёрдугаарт Microsoft (565.3 тэрбум ам.доллар), гуравдугаарт Google (433.1 тэрбум ам.доллар) оржээ. Тухайн компаниудын үнэлгээ өнгөрсөн жилд Microsoft 461.1 тэрбум, Google 413 тэрбум ам.доллар байв.
Хамгийн үнэ цэнтэй 10 брэндийн жагсаалт:
- Apple – 607.6 тэрбум ам.доллар
- Microsoft – 565.3 тэрбум ам.доллар
- Google – 433.1 тэрбум ам.доллар
- Amazon – 369.9 тэрбум ам.доллар
- Nvidia – 184.3 тэрбум ам.доллар
- TikTok (Хятад) – 153.5 тэрбум ам.доллар
- Walmart (АНУ) – 141 тэрбум ам.доллар
- Samsung (Өмнөд Солонгос) – 119.2 тэрбум ам.доллар
- Facebook – 107 тэрбум ам.доллар
- State Grid (Хятад) – 102.4 тэрбум ам.доллар
Байршлын хувьд, АНУ Global 500 жагсаалтад хамгийн олон брэндээр (192) тэргүүлжээ. Дараагийн байруудад Хятад 68, Япон, Франц тус бүр 33, Герман 26, Их Британи 25 брэндээрээ жагсаж байна.
Хамгийн бага брэндтэй улс нь Аргентин бөгөөд нийт үнэлгээ нь ердөө 6 тэрбум ам.долларт хүрдэг ганц брэндтэй ажээ.
Дэлхийн эдийн засгийн нөхцөлд ч хамгийн үнэ цэнтэй 500 брэндийн нийт үнэлгээ 10 хувиар өсч, 10.4 их наяд ам.долларт хүрсэн нь дэлхийн эдийн засгийн өсөлтөөс 3.2 хувиар өндөр үзүүлэлт юм байна.
АНУ дэлхийн брэндийн зах зээлийн 53.4 хувийг эзэлж, нийтдээ 5.5 их наяд ам.долларын үнэлгээтэй байна. Хятад 15 хувь буюу 1.6 их наяд, Герман 5.6 хувь, Япон 4.7 хувь, Франц 4 хувийг тус тус эзэлжээ.
Салбарын хувьд, хамгийн их үнэлгээтэй салбар нь 79 брэнд бүхий банкны салбар (нийт 1.3 их наяд ам.доллар) бөгөөд дараагийн байруудад медиа, электроник, интернэт болон програм хангамжийн компаниуд, жижиглэн худалдааны салбарууд оржээ.
Жилийн дотор брэндийн үнэ цэн нь хамгийн их өссөн нь Их Британийн финтек компани Revolut болж, брэндийн үнэлгээ нь 239 хувиар өссөн байна. Харин Tesla компанийн брэндийн үнэлгээ 35.8 хувиар буурчээ.
Эх сурвалж: KAZINFORM













































































