Монгол Улсад түр оршин сууж байх хугацаандаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн хэрэгт холбогдсон БНХАУ-ын хоёр иргэн болон тэдэнтэй хамтран гэмт хэрэг үйлдсэн Монгол Улсын хоёр иргэндхолбогдох шүүх хурал өчигдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болов.
Шүүхээс БНХАУ-ын иргэн Лиү Бөүвин, Шүй Ханмин нарыг хаалттай хорих ангид 25 жилийн хугацаагаар хорих ял оноож, тэдэнтэй хамтран гэмт хэрэг үйлдсэн Монгол Улсын иргэд болох А.Даянтөмөрт 18 жил гурван сар, А.Тэнгист 17 жил гурван сарын хугацаагаар хорих ял оноож, нээлттэй хорих ангид ялыг нь эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Тэдний гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Тоёота Ландкруйзер-200” загварын автомашиныг улсын орлогод хурааж, хэрэгт ашигласан галт зэвсэг, сум зэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлэх шийдвэр гаргасан байна.
Шүүхийн шийдвэрээр дээрх дөрвөн яллагдагчаас хохирол, нөхөн төлбөрт нийт 74.3 сая төгрөг, мөн мөрдөн шалгах ажиллагааны зардалд 2.6 сая гаруй төгрөг гаргуулан төлүүлэхээр тогтоожээ.
Хэргийн нөхцөл байдал
Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсоноор, БНХАУ-ын иргэдийг 2024 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Бээжин-Улаанбаатар чиглэлийн олон улсын нисэх онгоцоор Монгол Улсад ирж, “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардмагц дээрх дөрвөн этгээд тэднийг барьцаалж, улмаар нэг хүнийг буудаж хөнөөсөн онц ноцтой хэрэг үйлдсэн байна.
Шүүхээс тэднийг Эрүүгийн хуулийн:
- 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.5, 2.11 дэх хэсгүүд – бүлэглэж, өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах, эдийн давуу байдал бий болгох зорилгоор хүний амь хөнөөсөн,
- 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг – бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
- 13.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг – хоёр болон түүнээс олон хүнийг барьцаалсан гэх заалтуудад заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.
Хурлыг түр хойшлуулж байв
Дээрх дөрвөн яллагдагч нь бусдад учруулсан 74.3 сая төгрөгийн хохирлыг барагдуулах зорилгоор шүүх хуралдааныг түр завсарлуулах хүсэлт гаргасны дагуу эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хурлыг тав хоногоор хойшлуулж, өчигдөр өглөөний 08:30 цагт үргэлжлүүлэн хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргасан байна.












































































