Эрчим хүчний яамнаас мэдээлснээр, дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын зуухны халах гадаргууд гарсан гэмтлийг 2026 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 16:00 цагт засварлаж эхэлжээ. Станцын хамт олон шуурхай ажилласны үр дүнд төлөвлөгөөт хугацаанаас 10 цагийн өмнө буюу нэгдүгээр сарын 21-ний өдрийн 09:51 цагт ажилд залган, хэвийн горимд оруулжээ.
Гэвч Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хүндрэл үүссэн байна. Станцад ашиглаж буй нүүрсний чийгшил 42 хувьтай байгаа бөгөөд хүйтний эрч огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор зуухны нүүрс тэжээх бункерт нүүрс хөлдөж, бөглөрөх асуудал үүсжээ. Үүний улмаас станцын ачаалал 300 МВт-аас 120 МВт хүртэл буурсан байна.
Эрчим хүчний яамнаас ОХУ-ын Сибирийн бүс нутгийн хүйтэн цаг агаар болон дотоодын эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор Монгол Улсад импортолж буй эрчим хүчний хэмжээ буурч, цахилгаан эрчим хүчний хязгаарлалтыг үргэлжлүүлэн хийх нөхцөл байдал үүссэн талаар мэдээлэв.
Өнөөдөр холбогдох байгууллагуудын төлөөлөл Бөөрөлжүүтийн цахилгаан станцын үйл ажиллагааг хэвийн болгох үүднээс газар дээр нь ажиллаж буй юм байна.










































































